horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хар тамхины хэргээр 208 хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

post-img

Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдож буй хүний нас, хүйс, ял, шийтгэлийн байдлыг судалжээ. Энэ оны эхний 5 сарын байдлаар нийт 208 хүнийг тухайн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Насны байдлаар нь авч үзвэл 79.8 хувь нь 18-35 насныхан бөгөөд 75.9 хувь нь эрэгтэйчүүд байна. Анхан шатны шүүхээс 76 шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол 31 шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар, хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, авах нь 1-5 жил жил хүртэл хугацаагаар хорих ял, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл хүлээлгэдэг. Харин худалдаалах зорилгоор ийм бодисыг хууль бусаар олж авах, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, худалдсан тохиолдолд 2-8  жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна.

Эл гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн болон улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар нь хорих ял оноодог.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ хүний сэтгэл санааны тэнцвэр алдагдах, хэт сэрэмж алдах, хий юм харах зэрэг сэтгэцийн гаж үзэгдэл илэрч, улмаар өндрөөс үсрэх зэрэг өөр гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй байдаг.

0/1000