horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Зэрлэг нохойд хөөгдөж яваад, хөлөө хугалсан гөрөөсөнд Б.Сансар мэс засал хийжээ

post-img

“Хөлийг нь тайрсан гөрөөс маань амьд байгаа байх аа. Сэжигтэй юм үзэгдэхгүй л байна” хэмээн алсыг дурандаж зогсоо энэ хүн бол Богдхан уулын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилтан Б.Сансар. Тэр Богдхан уулын Баруундэлгэрийн амыг хариуцан хамгаалдаг. Өвөрзайсан, Халиунбугатын амыг хариуцаж байхад нь энэ ам руу шилжүүлжээ. Байгаль хамгаалагч нарыг дунджаар 3 жил тутамд өөр тийш нь сэлгэн ажиллуулдаг юм байна. Нутгийн хүн зоныг таньдаг болоод ирэхээр баргийн хүнд үгүй гэж хэлж чадахгүй болох учраас ийн сэлгэж ажиллуулдаг. Тэр Баруундэлгэрийн амыг хариуцаад  жил гаруй болж байгаа аж.

Тэр малын эмч мэргэжилтэй. ХААИС-ийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийг 2007 онд төгсөөд, олон улсын байгууллагад мэргэжлээрээ ажиллажээ. Дараа нь Төв аймгийн Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга болсон. Харин одоо байгаль хамгаалагч. Байгаль хамгаалагчаар ажиллахад нь түүнд малын эмчийн мэргэжил нь ихээхэн хэрэг болж байгаа аж.

Энэ хавар Нүхтийн аманд зэрлэг нохойд нэг гөрөөс хөөгдөж яваад, хадан завсар хавчуулагдан, хөлөө хугалжээ. Нүхтийн байгаль хамгаалагч, иргэд хамжин, тэр гөрөөсийг тойрон бүсэлж байгаад барьж авсан байна. Ингээд Б.Сансарыг дуудан, өнөө гөрөөсөө үзүүлжээ. Хөлийг нь чиг барьж боох замаар эдгээх ямар ч боломжгүй болсон байсан тул Б.Сансар уг гөрөөсний хугарсан хөлийг тайрсан байна. Хүнд мэс засал хийхдээ өвчин намдаагч тарьдаг бол амьтанд ч адилхан. Гөрөөсөнд өвчин намдаагч тарин, нойрсуулж байгаад, мэс засал хийсэн аж. Хэрвээ хөлийг нь тайрахгүй бол хөөрхий гөрөөсний бяцарч хугарсан хөл хавдаж, үрэвсэн, тэр нь цаашаа юу ч болох байсан юм билээ. Мэс заслаас 7-8 хоногийн дараа гөрөөсний шарх эдгэн, хашаанаасаа гараад явчихсан байна.

Богд уулын байгаль хамгаалагч нар нэг нэгнээсээ уг гөрөөсийг сураглавч барааг нь харсан хүн одоогоор алга. “Энд тэнд элдэв сэг үзэгдэхгүй л байна. Амьд байгаа гэдэгт бид итгэлтэй байгаа. Тэр гөрөөс 3 хөл дээрээ явж байгаа” гэж Б.Сансар ярилаа. Ингэхэд амьтанд хиймэл хөл хийж болдог ажээ. Гэхдээ зэрлэг амьтанд биш, тэжээвэр амьтанд. “Манай Монголын нөхцөлд амьтанд хиймэл хөл хийнэ гэдэг хэцүү л дээ. Зэрлэг амьтанд тэжээвэр амьтан шиг хиймэл хөл хийх боломжгүй. Түүндээ дасахад их хугацаа орно” гэж тэр энэ тухай тайлбарлалаа.

Малын эмчийг байгаль хамгаалагчийн ажилд урвуулахдаа Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга нэгийг бодож, хоёрыг тооцсон биз. Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа чадвал энэ намар амьтан эмчилж сувилах жижиг эмнэлэг байгуулахаар зорьж байгаа аж. Зураг төслөө гаргаад, төсөв мөнгө олохоор байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандан, тусламж дэмжлэг хүсэж эхэлжээ. Богд уулын гэмтсэн, шархадсан, өвчилсөн амьтдыг тус эмнэлэгт авчирч эмчлэх юм. Анхны тусламжийг зэрлэг амьтанд тухайн газар дээр нь үзүүлнэ. Эмчлэх шаардлагатай бол эмнэлэгтээ аваачиж, эмчилж сувилна. Зэрлэг амьтныг байгалиас нь холдуулахгүй, хүний гараас хоол горьдож сургахгүйн тулд эмнэлгээ Богд ууландаа байгуулахаар төлөвлөжээ. Эмчилсэн амьтнаа байгалиас нь холдуулалгүй эмчлээд, буцааж тавина. Өндөр хөгжилтэй орны амьтны эмнэлэг шиг биш ч өөрийнхөө орны нөхцөлд тохируулаад, эмнэлгийн жижигхэн цэг байгуулахад болно гэж тус захиргааныхан үзжээ. Б.Сансар ч үүнтэй санал нэг байв.

Одоогоор амьтны эмнэлэг Богдхан уулын дархан цаазат газарт байхгүй. Ер нь дархан цаазтай, улсын тусгай хамгаалалттай аль ч газарт байхгүй. Зэрлэг амьтны ямар ч эмнэлэг үзээд өгье гэсэн ч Монголд алга. Хэрвээ тэд амьтны эмнэлэг байгуулж чадвал сайн үйлсийн эхлэл болох юм.

Эмнэлэг байхгүй гээд Б.Сансар тэр гөрөөсөнд мэс засал хийхээс хойш суугаагүй. Яаж ийгээд болгоод л явж байна. Тэр малын эмч учраас, мэргэжлээрээ ажиллаж байсан болохоор мэс засал хийхэд шаардлагатай багаж хэрэгсэл түүнд бий. Амьтанд эмнэлгийн тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, тариа, хэрэгсэл хийсэн малын эмчийн хайрцгаа тэр одоо зэрлэг амьтан эмчлэх зорилгоор авч явдаг болжээ. Хамгаалалтын захиргаанаас түүнд тодорхой хэмжээний эм, тарианы мөнгө гаргаж өгдөг аж. Өвчин намдаагч, шарх халдваргүйжүүлэгч, чиг боогч гэх мэт эм, тарианы нөөц ч бүрдүүлжээ.

Б.Сансар “Амьтан ер нь өөр амьтанд хазуулах, арьс нь урагдах зэргээр шарх авах нь их байдаг. Тиймээс тэр чиглэлийн эм, багажтай болоход анхаарч байгаа. Богд уул 32 амтай. Улаанбаатар хот талд байрладаг амуудад хүмүүс нохойгоо авчирч тавих, гөлөг төөрүүлэх нь их. Тэр нь зэрлэгшин, амьтан барих, шархдуулах явдал гарч байна. Богд уулыг тойрсон аж ахуйн нэгж, байгууллагуудын манаач нар хашааныхаа эм нохойг гөлөглөхөөр Богд ууланд төөрүүлдэг юм байна лээ. Нохой устгалын компанитай манайх гэрээ байгуулдаг. Энэ хавар нэлээд хэдэн аманд нохой устгуулсан. Бид бол аль болохоор барьж авахыг хичээдэг. Баригдсан нохойг унтуулаад, цааш нь шилжүүлдэг” гэж ярилаа.

Хүн бол хаана, юу өвдөж байгааг хэлээд, эмчид үзүүлдэг бол амьтан тэгж чадахгүй. Яг л балчир хүүхэд шиг. Тиймээс мал, амьтны эмч уг амьтанд ил харагдах гэмтэл байхгүй бол бүтэн биеийн үзлэг хийнэ. Өнгөрсөн намар “Түргэний аманд далавч нь гэмтсэн шонхор байна” гэсэн мэдээлэл түүнд иржээ. Очоод үзэхэд далавч биш, сарвууных нь 1 хуруу мултарчихсан байв. Шувуу нисэхдээ газар луу хөлөөрөө хүчтэй жийн, газраас хөндийрч байж нисдэг. Гэтэл уг шонхрын хуруу нь мултарч, газар луу жийж, хөндийрч чадахгүй болсон байжээ. Тэгээд дэмий л далавчаа дэвээд байж л дээ. Түүнийг нь хүмүүс хараад “Далавч нь гэмтсэн” гэж ойлгосон ажээ. Шувууны мултарсан хурууг буцааж оруулан, чиг барьж боосноор хавдар нь арилж, хэдхэн хоногийн дараа эдгэж, хөх тэнгэр лүүгээ ниссэн байна.

“Заримдаа ямар ч эмчилгээ авахгүй болчихсон амьтан тохиолдоно оо. Зэрлэг амьтан ер нь гэрийн тэжээвэр амьтан, мал шиг хөнгөн бэртэнэ гэж байдаггүй. Ер нь их хүнд гэмтдэг. Тиймээс тусламж үзүүлэхэд их төвөгтэй. Гэсэн ч аль болохоор л эмчлэхийг, зовоохгүй байхыг хичээдэг дээ. Богдхан уулын Хамгаалалтын захиргааны бодлого үүнд чиглэж байгаа” гэж Б.Сансар итгэлтэй ярьж байна.

Богд уулын буга, гөрөөс нэг үеэ бодвол үржиж байгаа нь хамгаалалт сайжирч, иргэд ч амьтанд халдах нь цөөрч байгаагийн илрэл ажээ. Нохойг зэрлэгшүүлж хаяхаа л больчихвол байгалийн амьтад жамаараа амьдарна. Энэ хавар 1 буга чононд бариулжээ. Буга бол зэрлэгшсэн нохойд бариулдаггүй. Тийм ноход гөрөөс, амьтны үр төлийг шоглодог аж.

Богд уулын энд тэнд хөдөлгөөн мэдрэгч камертай. Байгаль хамгаалагч нар байнга явж, хариуцсан газраа шалгадаг. Малчид, иргэд, идэвхэн байгаль хамгаалагч нар бас хяналт тавьж, байгаль хамгаалагч нарт мэдээлэл өгдөг. Тиймээс хүний аюул харьцангуй багасжээ. Гэвч тарвага хулгайгаар агнах явдал хэр гардаг.  Өнгөрсөн зун том машинтай хүмүүс тарвага агнаад, байгаль хамгаалагчийн бараанаар тарвагаа хадан завсар нуугаад зугтсан удаатай.

Энэ талаар Б.Сансараас лавлахад “Тарваганы дошоо бид хавраас эхлэн ажигладаг. Хаана дош байна. Тэнд хэдэн мөндөл гарав. Том тарвага хэд байна. Хэр том байна гээд. Ялангуяа 7-р сар гараад бид тарвагандаа онцгой анхаардаг. Энэ үед тарвага тарга хүч авсан, хүмүүс агнах гэдэг.  Баригдсан хүмүүс бий бий. Манайх хэргийг нь баримтжуулаад, хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг. Хүмүүс ууланд улам ойртож амьдраад байгаагийн нөлөөгөөр тарвага улам дээшлээд, ой руу орж байна. Тарвага уг нь хээрийн амьтан. Хэзээ ойд тарвага амьдардаг байлаа даа” гэж хариуллаа.

Баруундэлгэрийн амны түймрийн зогоныг сэргээх шаардлагатай болжээ. Олон жилийн өмнө татсан зогон дээр нь өвс ургаж эхэлсэн байв. Тэр энэ аманд томилогдож ирснээсээ хойш зогон татуулахаар хөөцөлдөөд чадаагүй яваагаа учирлав. Богдхан уулын хамгаалалтын захиргаанд зогон татах төсөв байдаггүй гэнэ. Нутаг дэвсгэр дээрх аж ахуйн нэгж, байгууллагуудаар зогон татуулдаг. Жуулчны кэмптэй, аж ахуйн нэгж байрладаг аманд бол зогон татуулахад асуудалгүй. Дор нь татаад өгдөг бол Баруундэлгэр шиг ахмадын амралт, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, мод үржүүлгийн газраас өөр байгууллагагүй аманд зогон татаж өгөх ачтан олддоггүй юм байна. Үүн дотроо арай мөнгөтэй, танилтай, боломжтой нь “Дүнжингарав” бөхийн дэвжээ санагдсан. Бөхчүүдэд хүсэлтээ тавибал татгалзахгүй л байх.  

Богд уул хэдэн хэдэн онцлогтой. Хууль бусаар тарвага агнах гэсэн хүн, самар түүгчид, түймэр, агаарт гарах хүмүүс гээд хүндрэл үүсгэдэг хэдэн хүчин зүйл байдаг аж. Энэ жил хуурайшилт их, Богд ууланд 10 гаруй түймэр гарлаа. Түймэр өөрөө гарахгүй шүү дээ. Хүний хөл ихтэй газраар энэ хавар нэлээд түймэр гарчээ. Иргэд агаарт гарахдаа тамхи татах, түүдэг асаах гэх мэтээр ил гал гаргахгүй байвал сайн. Шил, лааз зэрэг Наранд халаад, гал гаргах аюултай хог таарвал заавал авч, хогны цэгт аваачиж хаях хэрэгтэй юм байна.

Амьтан байгаа газраар явахгүй, амьтан үргээхгүй, дүрвүүлэхгүй байхыг хичээх нь байгалиа хамгаалж, амьтныг хайрлаж буйн илэрхийлэл. Түүнээс могойг үнсэх нь амьтан хайрлаж байгаа явдал биш ажээ. Богд уул бол аяллын бүс биш. Дархан цаазат уул. Тиймээс хүн бүр дуртай газартаа явж болдоггүй.

Үүнийг хүмүүс ойлгохгүй “Би зүгээр л агаарт гарах гэж явна. Яагаад болдоггүй юм” гэж хэдэрлэдэг аж. Байгаль хамгаалагч нарыг үг хэлээр доромжлох, шаардлага биелүүлэхгүй байх бол өдөр тутам гардаг, байнгын асуудал гэнэ. Заналхийлдэг хүмүүс ч таардаг аж. Харилцааны тал дээр залуучууд харьцангуй соёлтой бол ахмад болон дунд үеийнхэн арай бүдүүлэг гэнэ дээ.

Богд уул бол хүний биш амьтны нутаг. Хүнээс болоод нутгаасаа дайжих, газар нутгаа солих эрсдэлтэй. Нутаг сэлгэж яваад машин, галт тэргэнд дайруулах, өргөст торонд орооцолдох, нохойд бариулах, хүнд алуулах, үр төлөөсөө салах эрсдэлтэй. Тиймээс хүмүүс байгальд аялахдаа аль болох ойн гүн рүү орохгүй, амьтны байршилд ойртохгүй байх хэрэгтэйг Б.Сансар зөвлөлөө.

Сүүлийн 10 жилд Богд ууланд шинээр бий болсон аюул бол мал. Энэ талаар тэрээр “Энэ уулыг тойроод малтай айлууд байдаг. Тэд малаа Богд ууланд бэлчээх сонирхолтой. Бид болохоор уулынхаа өвс ургамлыг амьтандаа авч үлдэхийг хичээдэг. Үүн дундаас маргаан үүсдэг. Энэ жил гантай байна. Мэдээж мал, малчдыг ойлгож байна. Ууландаа арай өвстэй байна. Гэхдээ л энд амьтан байгаа. Бид үндсэн ажлаа л хийнэ. Бид малыг хамгаалалтын бүсээс дотогш нэвтрүүлэхгүй байлгахад анхаарч байгаа. Угаасаа Богд ууланд мал бэлчээх хориотой” гэсэн юм.

0/1000