6 долоо хоног гаруй хугацаанд үргэлжилж, энэ долоо хоногийн эхээр түр завсарлага авсан реппер, продюссер Шон “Дидди” Комбсын шүүх хурлын сүүлчийн сонсгол пүрэв гарагт эхлээд байна.
Түүнийг бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг гэх зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгасан энэхүү хэргийн шүүх хурлын үеэр өнгөрсөн хугацаанд нийт 34 гэрчийг оролцуулж, прокурор болон өмгөөллийн багийнхан асуулт асууж, байцаах маягтай үргэлжилсэн юм.
Шон “Дидди” Комбсын хувьд түүнийг буруутгасан бүх хэрэгт өөрийгөө буруугүй хэмээн няцааж, мөн өмгөөллийн багтайгаа зөвлөлдсөний дагуу өөрөө мэдүүлэг өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
Прокуроруудын зүгээс хэргийн нотлох баримт болгож олон мянган хуудас гар утасны яриа болон мессежийн бүртгэл, хэргийн хохирогч, гэрчүүдийн өгсөн олон цагийн мэдүүлгийн бичлэгийг танилцуулсан юм.
Тэгвэл Нью Йорк хотын Манхэттэн дүүргийн холбооны шүүхэд пүрэв гарагт эхлээд буй сүүлийн сонсголын үеэр яллагч талаас Диддиг дээрх хэргүүдэд үнэхээр буруутай гэдгийг нотлохыг оролдох бол өмгөөлийн багаас үйлчлүүлэгчээ аварч авч үлдэх бүхий л аргаа хэрэглэх нь тодорхой юм. Шүүхийн сонсгол баасан гарагт өндөрлөх төлөвтэй байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.
Уг хэрэгтэй ямар нэгэн байдлаар харилцаа хамааралгүй Нью Йорк хотын оршин суугч болох 12 тангарагтны шүүгч Америкийн хип хоп дуу хөгжим, энтертайнмент бизнесийн салбарын магнатын хувь заяаг шийдэх болно.
Тангарагтны шүүхийн шийдвэр баасан гарагийн орой, эс бөгөөс ирэх долоо хоногийн даваа гарагт гарах төлөвтэй байна.