Израил, Ираны хооронд гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа Ираны дээд удирдагч Аяатолла Али Хаменей олон нийтэд хандан анх удаагаа мэдэгдэл хийлээ.
Тэрээр пүрэв гарагт төрийн төв телевизээр ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ Ираны зэвсэгт хүчин Израил, АНУ-ын эсрэг ялалт байгуулсныг тодотгож, “Иран улс хэзээ ч бууж өгөхгүй” гэв.
Аяатолла Али Хаменей “АНУ-ын Иранд үзүүлсэн цохилт ямар ч хохирол учруулж чадаагүй, АНУ-ын ерөнхийлөгчид хэрэгтэй байгаа нь тодорхой учраас л тэр үүнийг дөвийлгөж ярьж байгаа, харин манай улсын зэвсэгт хүчин Америкийг нэг сайн алгадаад авсан” хэмээн хэлсэн байна.
Ираны дээд удирдагч Америкийн агаарын цохилт нь Ираны цөмийн хөтөлбөрт саад тотгор болох ямар ч хохирол учруулаагүй болохыг онцолж, эсрэгээрээ Катар улсад байрлах Америкийн цэргийн баазыг бөмбөгдсөн түүний зэвсэгт хүчний хариу цохилт Америкт маш хүнд цохилт болсон гэжээ.
Тэрээр мөн хэрвээ Ираны эсрэг ахин цохилт үзүүлсэн тохиолдолд Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн баазуудад өшөө олон цохилт үзүүлэх болно гэсэн сүрдүүлгийн шинжтэй үг хэлсэн байна.
Түүний хувьд энэ сарын 13-ны өдөр анх Израил Иранд цохилт үзүүлж эхлэх үеэр хязгаарлагдмал харилцаа, холбоо бүхий нууц хоргодох байранд орж, түүний байршлыг Ираны эрх баригчид нууж байсан бөгөөд гал зогсоох тохиролцооны дараа ийнхүү олны өмнө гарч ирж, ялалт байгуулсан талаар мэдэгдэл хийлээ.
Ираны эрүүл мэндийн яамнаас сүүлд гаргасан мэдээллээр 12 хоног үргэлжилсэн дайны хугацаанд тус улсад 610 хүн амь үрэгдсэн гэсэн бол Израилын эрх баригчид 28 хүн амь үрэгдсэн хэмээн мэдэгдээд байна.

Пүрэв гарагт мөн АНУ-ын батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Пит Хэгсет, генерал Дэн Кайн нар Пентагонд хэвлэлийн бага хурал хийж, энэ үеэрээ АНУ болон Израилын тагнуулын албадын цуглуулсан мэдээллээр Америкийн Ираны цөмийн байгууламжуудад өгсөн цохилт тус улсын цөмийн хөтөлбөрийг нэлээд хэдэн жилээр хойшлуулсан болохыг онцолжээ.
Мөн тэрээр Ираны цөмийн байгууламжуудад өгсөн Америкийн агаарын цохилтыг “түүхэн ач холбогдолтой, амжилттай цэргийн ажиллагаа байсан” хэмээн тодотгосон банйа.
Пит Хэгсет хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчидтэй маргалдсан бөгөөд Ираны Фордо дахь цөмийн байгууламжаас баяжуулсан ураныг зөөвөрлөсөн гэдгийг нотлох ямар ч тагнуулын мэдээ, мэдээлэл АНУ-д байгаагүй гэдгийг хэлсэн байна.
ОУАЭХА-гийн тэргүүн Рафаэль Гросси лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Иран тал өндөр хувь хэмжээгээр баяжуулсан уранаа Америкийн цохилтын үеэр зөөвөрлөсөн байх боломжтой гэжээ. Мөн тэрээр Ираны эрх баригчдад хандаж ОУАЭХА-гийн мэргэжилтнүүдийг Ираны цөмийн байгууламжуудад буцааж нэвтрүүлэх талаар яриа хэлэлцээ явуулахыг хүссэн боловч одоогоор хариу аваагүй байгаагаа нэмж хэлсэн байна.