“Монгол Улс 1 ч нэг юмны хараат байдлаас гарчихмаар байна. Улстөржих юмаараа улстөржье. Болохгүй юмаараа улстөржихгүй байя” гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уриаллаа. 2028 онд Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа манай улс хэрэгцээт дизель түлшнийхээ 50%-ийг, АИ95 бензинийг 100%, АИ92 бензиний 43%-ийг, онгоцны түлшийг 100%, зуухны түлшээ 100%, хийн 50%-ийг дотоодоосоо хангадаг болох тухай тэрээр сануулж “Үүн дээр хэдүүлээ улстөржилгүй явчихмаар байна” гэж УИХ-д суудалтай намуудаас хүслээ.
Манай улс өөрөө шатахуун үйлдвэрлэхээр зорьж, үйлдвэр байгуулж байгаа. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж буй уг үйлдвэрийн эхний багц ажил бүрэн дуусаж, 2024 онд ашиглалтад оруулсан. Одоо анхдагч технологийн болон дагалдах байгууламжууд, ДЦС-ын барилга байгууламжуудыг угсарч байна. Энэ ажлыг гардан гүйцэтгэж буй БНЭУ-ын компани өнөө жил инженер, мэргэжилтэн, техникийн ажилтнуудаас бүрдсэн нийт 3000 хүн авчран, ажиллуулж байна.
Гэвч “Боохой борооноор, хэрээ шорооноор” гэгчээр МАН-ын бага хурал хамтарсан Засгийн газрыг тараах гээд улс төр бужигнаж байх зуур газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд шатахууны үнийг нэмсэн. Ийм явдал гаргуулахгүйн тулд Засгийн газар 2016 онд Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл байгуулжээ. Уг зөвлөл энэ оны 5 дугаар сарын 5-нд хуралдаж, шатахууны үнийг нэмэх нөхцөл, шаардлага үүссэн эсэхийг судлаад, дахин хэлэлцэхээр тохирчээ. Гэвч засаг бужигнахыг энэ зөвлөлд багтсан компаниуд ашиглан, үнээ нэмсэн. Буцаагаад буулгахыг шаардахад дизель түлш, АИ95 зэрэг жолооч нарын бага авдаг шатахууны үнийг хуучин үнээр нь зараад, хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг АИ92 бензиний үнийг буулгаагүй. Тэр үед литр нь 2390 төгрөг байсан А92 бензин одоо 2590 болсон. 2 алхам урагшилж, 1 алхам ухрах хятад аргыг тэд хэрэглэв.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл
Ахлагч – Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
Нарийн бичгийн дарга: Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга
Гишүүд:
- Сангийн сайд Б.Жавхлан;
- Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ;
- Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч (зөвшилцсөнөөр);
- Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян;
- Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн;
- Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимэдсүрэн;
- Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал;
- Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар;
- АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай;
- МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир (тохиролцсоноор);
- Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу (тохиролцсоноор);
- Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);
- “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат
- “Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран
- “Тэс петролиум” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар
- “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарбат
- “Монсуль” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Энхжаргал
Хэрвээ манай улс өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэг болбол хойд хөршөөсөө шатахуун царайчлах, Засгийн газар нь импортлогчдоосоо үнээ нэмэхгүй байхыг гуйхгүй болох болов уу? Юу ч өөрчлөгдөхгүй ч юм болов уу?
Монголчууд газрын тосны үйлдвэр байгуулж, ажил ахиж л байна. Удаан ч гэсэн урагшилж л байна. 2025 онд энэ үйлдвэрийг анх ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч ковидоос болоод 2028 он болж хойшилсон. Үүдээ нээх хугацаа нь цаашлаад л байгаа ч араас нь Засгийн газар анхаараад, энэтхэгчүүд ажиллаад л байгаа хойно хэзээ нэг өдөр манай улс үйлдвэртэй болох л байх. Өөдрөг л байя.
Газрын тосыг боловсруулах 3 үе шат бий. Хамгийн эхнийх нь газрын тос боловсруулах үйлдвэр. Энэ үйлдвэр дангаараа ашиггүй. Тиймээс нефть, химийн үйлдвэр байгуулдаг аж. Нефтийн үйлдвэр баривал үр ашиг нь өснө. Химийн үйлдвэртэй болбол бүүр лаг. Гэхдээ манай улс эхлээд суурийг нь тавья, газрын тосоо боловсруулдаг болъё гэж байгаа юм.
Ашиглалтад орвол энэ үйлдвэр газрын 1.5 сая тн тос боловсруулж, 1.4 орчим сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үүний 396 мянган тонн нь евро стандартын, АИ95 бензин байхаар тооцжээ. АИ95 үйлдвэрлэж чадаж байгаа бол АИ92, А80 юухан байх вэ дээ. 840 мянган тонн дизель түлш, онгоцны 80 мянган тн түлш, шингэрүүлсэн 28 мянган тн шатдаг хий, зуухны түлш үйлдвэрлэнэ. Зуухны түлшээ үйлдвэрийнхээ цахилгаан станцад түлнэ.
Дизель түлш, онгоцны түлш, бензин, шингэрүүлсэн шатдаг хий гэх мэт газрын тосны бүтээгдэхүүний нэгж үнийг шууд тооцох боломжгүй ажээ. Тиймээс бүтээгдэхүүний нягт (хувийн жин)-ыг литрт шилжүүлж, 1 л бүтээгдэхүүний үнийг боддог юм байна. Бензин, түлш бүр өөр өөр нягттай. Тухайлбал: “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” МNS 0216:2017 стандартаар дизель түлшний хувийн жин 20°С -д 840-850 кг/м3 байхаар заажээ. Ингээд тооцоход 1 литр бүтээгдэхүүний үнэ 2100 төгрөг болохоор байгаа аж. Ийм хямдхан бензинтэй болчихвол гоё биз дээ.
1997 онд Цагаан-Элсний ордоос анх нефть оргилж, Ерөнхийлөгч П.Очирбат цагаан дээлээ хар алтаар мялааж зогсоход Монголын ард түмэн өөрсдөө бензин үйлдвэрлэдэг болно гэж мөрөөдөж л байлаа. Одоогоор биелээгүй л байна. Мөрөөдөл биелдэг л юм гэнэ лээ. 18 дахь жилдээ мөрөөдөж л сууна. 21 дэх жилдээ яах юм бол доо.