МҮЭ-ийн холбооны ээлжит XXIV их хурал 6-р сарын 25, 26-нд МҮЭСТО-нд болж, ерөнхийлөгчөө сонголоо. Тус холбооны ерөнхийлөгчид МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч Б.Рагчаа, Хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир нар өрсөлдөж, их хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар Э.Тамир МҮЭХ-ны ерөнхийлөгч болжээ.
Уг хуралд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооны мандатын эрхтэй 245 төлөөлөгчөөс 219 нь санал хураалтад оролцсон байна. Тус хурлаар МҮЭ-ийн холбооны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт, урт хугацааны хөгжлийн бодлого 2025-2040, МҮЭ-ийн холбооны Тогтвортой хөгжил, алсын хараа Хөгжлийн хөтөлбөр-2025-2040 болон бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Түүнчлэн МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны гишүүн, дарга 9 хүн, МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүн 53 хүнийг сонгож баталлаа.

Үргэлжлүүлэн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралдаж байна. Энэ хурлаар МҮЭ-ийн холбооны орон тооны 1, орон тооны бус 2 дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдийг сонгон батлах юм.