Холливудын олон уран сайхны кино, телевизийн шоу уран бүтээлүүдийн хөгжмийг бичсэн алдарт хөгжмийн зохиолч Лало Шифрин пүрэв гарагт 93 насандаа таалал төгссөн талаар Америкийн хэвлэлүүд мэдээллээ.
Мөн түүнийг нас барсан болохыг төрсөн хүү Райн Шифрин нь батлан мэдэгджээ.
Аргентин улсад төрж өссөн хөгжмийн зохиолч Лало Шифринийн уран бүтээл, ажил, амьдралын жилүүд АНУ-д өнгөрсөн байна.
Түүний эцэг нь Аргентины нийслэл Буэнос Айрес хотын Филармонийн оркестрын концертмейстерийн хүндтэй албан тушаалыг 25 жил хашсан хүн байсан тул Лало Шифрин багаасаа сонгодог хөгжим, дуу хөгжим дунд өсөж, хүүхэд байхдаа төгөлдөр хуур тоглож сурсан ажээ.
Харин өсвөр насандаа Америкийн жазз хөгжимд донтож, алдарт Чарли Паркер, Жорж Гершвин, Луис Армстронг нарыг сонсч, шүтэн биширч явсан байна.
Лало Шифрин 1958 онд АНУ руу нүүж, 10 жилийн дараа тус улсын иргэн болсон байдаг.
Тэрээр сонгодог найрал хөгжмийг жазз болон орчин үеийн хөгжимтэй хослуулан хөгжмийн зохиол бичдэгээрээ алдаршсан бөгөөд уран бүтээлийн замналынхаа туршид 100 орчим киноны хөгжмийг зохиожээ.
Заримаас нь дурьдвал тэрээр 1965 оны “The Cincinnati Kid”, “Bullitt”, 1968 оны “Cool Hand Luke”, 1971 оны “Dirty Harry” (1971) зэрэг киноны хөгжмийг бичсэн бөгөөд түүний хамгийн алдартай бүтээлийн нэг бол яах аргагүй “Биелэгдэшгүй даалгавар” киноны өндөр хэмнэлтэй хөгжим юм.
1960-аад онд анх гарч байсан “Биелэгдэшгүй даалгавар” телевизийн цувралд зориулан бичсэн түүний хөгжим хожим мөн Холливудын жүжигчин Том Круизын гол дүрд нь тоглосон “Биелэгдэшгүй даалгавар” кино франчайзд ч дахин ашиглагдсан билээ.
Хөгжмийн зохиолч Лало Шифрин өөрийн уран бүтээлүүдээрээ хэд хэдэн удаа Оскарын шагналд нэр дэвшиж байсан ч авч чадаагүй юм. Харин 2018 онд Америкийн кино академийн зүгээс түүнд хүндэтгэлийн Оскарын шагналыг гардуулж байжээ. Мөн тэрээр нэлээд хэдэн Грэмми шагналыг хүртэж байсан ажээ.