Португалийн алдарт хөл бөмбөгч Криштиану Рональдо Аль-Наср багтай хоёр жилийн шинэ гэрээ байгуулснаар Саудын Арабын мэргэжлийн лигийн багт 42 насны төрсөн өдрөө хүртэл үлдэхээр боллоо.
Өдгөө 40 настай К.Рональдо 2022 оны 12-р сард Манчестер Юнайтедыг хүнд нөхцөлд орхиж, Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо төвтэй Аль-Наср багт элсэн орсон бөгөөд тэрээр Манчестер Юнайтед клубыг шүүмжилж, дасгалжуулагч Эрик тен Хагийг “огтхон ч хүндэлдэггүй” хэмээн мэдэгдсэн юм.
К.Рональдогийн Аль-Наср багтай байгуулсан гэрээ энэ сарын сүүлээр дуусах байсан бөгөөд түүнийг орхиж магадгүй гэсэн таамаг байсан ч ийнхүү хоёр жилийн хугацаатай шинэ гэрээг байгуулаад байна.
Хөл бөмбөгч өөрийн X хуудсандаа “Шинэ бүлэг эхэлж байна. Ижил хүсэл тэмүүлэл, нэг мөрөөдөл. Хамтдаа түүхийг бүтээцгээе” гэж бичжээ.
Хэдийгээр Рональдогийн үед Аль-Наср баг дотоодын есөн түрүүгээ нэмээгүй ч “Алтан бөмбөг”-ийн таван удаагийн ялагчийн олон гоолын үр шимийг хүртсэн юм. Рональдо өнгөрсөн улиралд бүх тэмцээний 41 тоглолтод 35 гоол оруулж, хоёр улирал дараалан лигийн мэргэн буучаар тодорсон.
Мөн тэрээр Аль-Наср багийн төлөө 111 тоглолтонд оролцож, 99 гоол оруулсан юм. К.Рональдо замналынхаа туршид “1000 том гоол оруулах” зорилгодоо хүрэхэд тун амжилттай ойртож ирээд байгаа бөгөөд одоогийн байдлаар тэрээр клуб болон улсынхаа шигшээ багийн төлөө нийт 938 гоол хийчихээд байгаа билээ. Тэрээр 2026 оны зун зохион байгуулагдах хөл бөмбөгийн ДАШТ-д зургаа дахь удаагаа оролцохыг зорьж байгаа нь гарцаагүй.