horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хуульч Б.Мэргэн: Хүн бүр тэгш эрхтэй, гэхдээ гахай арай илүү эрхтэй гэдэг зарчим УИХ-ын гишүүн Х.Баттулгад үйлчлээд байж болохгүй

post-img

Экс ерөнхийлөгч Х.Баттулгад ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хууль зөрчиж төрийн хамгаалалт олгосон асуудал анхаарал татаж байна. Тэгвэл энэ асуудлыг төрийн түвшинд анхааралдаа авахгүй бол ҮХЦ-д хандана гэдгээ хуульч Б.Мэргэн илэрхийлсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе:

-Экс Ерөнхийлөгч Х.Баттулгад төрийн тусгай хамгаалалт олгосон асуудал хууль зөрчсөн үү гэдэг асуудал анхаарал татаж байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан ч  дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуустал төрийн тусгай хамгаалалтаар хамгаалуулна гэдэг хууль үйлчилдэг байсан шиг санагдах юм?

-1995 онд батлагдсан төрийн тусгай хамгаалалтын тухай хууль гэж бий. Гэхдээ хууль хүчингүй болсон л доо. Дээрх хуулиар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын  бүрэн эрхийн хугацаа дууссан ч хуульд заасан хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна гэсэн заалттай. Яг төрийн тусгай хамгаалалтын хуульд хугацаа заагаагүй байдаг. Харин Ерөнхийлөгчийн тухай хуульд хугацааг тодорхой заасан байдаг. Үүнд 1 бүрэн эрхийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна гэсэн зохицуулалттай байсан. Тэгэхээр тухайн үед Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байсан учраас 4 жилийн хугацаанд тусгай хамгаалалтад байж, хангамж эдэлдэг байсан үг л дээ. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж зэрэг ерөнхийлөгч нарт хамаарч байсан заалт.

Тухайлбал Н.Багабанди ерөнхийлөгчийн үед экс ерөнхийлөгчийн хангамжийг батлах тухай засгийн газрын тогтоол гэж батлагдаж байсан. Тэр тогтоолд засгийн газрын сайд нарын авч байгаа цалингийн хэмжээгээр бүх насаар нь цалин тогтоох тухай бөгөөд мөн 1 бүрэн эрхийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байж, жолоочоор хангуулах тухай тусгасан байдаг. Тухайн цаг үеүдтэйгээ холбоотойгоор Ерөнхийлөгч байсан хүнд байр сав олгох тухай асуудал яригдаж байсан түүх ч бий.

Нэмээд ажиллах шаардлагатай гэж үзвэл төрийн ордонд 4 жилийн хугацаанд ажлын байр гаргаж өгнө гэсэн заалт үйлчилж байсан юм билээ. Харин 2020 онд Ерөнхийлөгчийн тухай  тухай хуульд өөрчлөлт орж 1 бүрэн эрхийн хугацаа биш 3 жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байлгах болж өөрчлөгдсөн байдаг. 2021 оны 6-р сарын 26-нд Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан. Түүнээс хойш 3 жилийн дараа гэхээр 2024 оны 6-р сард төрийн тусгай хамгаалалт авах эрх нь дууссан болж таарч байгаа юм. Саяхан сэтгүүлчид экс ерөнхийлөгч Х.Баттулгаас ярилцлага авах гэж хандахад төрийн тусгай хамгаалалт хамгаалаад сэтгүүлчдэд халдсан гэдэг асуудал үүссэн. Энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлчид Төрийн тусгай хамгаалалтын газраас асуулга тавихад тус газрын дарга албан ёсоор Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд төрийн тусгай хамгаалалтыг сунгах тогтоолыг 2024 оны 9-р сард 84-р тогтоол баталсан тухай  мэдэгдсэн байна лээ. Төрийн тусгай хамгаалалтын газар бол албан ёсны эх сурвалж мөн шүү дээ.

Хамгийн анхаарал татаж байгаа нь засгийн газраас гаргасан энэ тогтоолын төсөл хууль тогтоомжийн нэгдсэн санд огт тавигдаагүй. Өнгөрсөн хугацааны туршлагаас харахад хууль зөрчсөн аливаа шийдвэр тогтоолын бичиг баримт огт олддоггүй. Олон нийтээс нууцалчихсан байдаг. Төрийн нууцаас бусад хууль тогтоомж шийдвэр олон нийтэд нээлттэй байх учиртай. Тэгэхээр энэ тогтоол өөрөө хууль ёсны тогтоол мөн үү гэдэг асуулт урган гараад байна. Хуулийн үүднээс хандвал ийм тогтоол хууль зөрчсөн болж таараад байна. Ерөнхийлөгчийн тухай хуульд 3 жил төрийн тусгай хамгаалалт олгоно гээд заачихсан байгаа. Засгийн газарт хуультай таарахгүй тогтоол батлах эрх байна уу гээд харвал бас байхгүй байна. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд онц байдал зарлагдсан тохиолдолд зарим төрийн өндөр дээд алба хашиж байсан хүмүүсийг тусгай хамгаалалтад авна гэсэн заалт бий. Гэтэл онц байдал огт зарлагдаагүй, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсээгүй учраас Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд байхдаа хууль зөрчиж Х.Баттулгыг тусгай хамгаалалтад оруулсан болж таараад байгаа юм.  УИХ-ын гишүүнд тусгай хамгаалалт гаргаж өгөх ямар ч хууль үндэслэл алга байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа яагаад хууль зөрчиж тогтоол гаргасан бэ гэдэг асуулт анхаарал татаад байгаа юм. Ямар эрх мэдэлтэй учраас Х.Баттулга гэж гишүүн бусад 125 гишүүнээсээ тусгай эрх эдлээд байна вэ? Яагаад нийт ард иргэдээс өөр тусгай эрх ямба эдлээд байна вэ? Энэ бүх асуултад шийдвэр гаргасан ЗГ хариулт өгөх ёстой байх.

-Та цахим хуудастаа энэ асуудлыг ҮХЦ-д очтол битгий хүндрүүлээч ээ гэж бичсэн байна лээ?

-Иргэн бүр хардах эрхтэй. Зарим иргэдийн зүгээс Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Х.Баттулга гэдэг хүнээс хамааралтай, магадгүй тэр хүний нөлөөнд ажлаа явуулж байна гэсэн хардлага хаа сайгүй л гарч байсан.

Бодит байдал дээр Х.Баттулга гэж хүн далдаас засгийг удирдаад өөрийгөө төрийн тусгай хамгаалалтаар хамгаалуулаад явж ирсэн юм биш үү гэдэг хардлага үүсэж байгаа юм. Хэрэв хууль үндэслэлтэй тогтоолоо ил гаргаад тавьчихсан бол тогтоолыг хараад хууль зүйн үндэслэлийг нь шалгаад дүгнэлт хийх бололцоотой. Гэтэл тэр тогтоол хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Ер нь ч хууль эрх зүйн үндэслэл угаасаа байхгүй байгааг Ерөнхийлөгчийн тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг харахад ойлгомжтой байна. Ер нь бол төрийн захиргааны байгууллагууд өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрх нь нээлттэй. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд байхдаа Х.Баттулгыг тусгай хамгаалалтад авах тогтоолоо хүчингүй болгож болох байсан. Одоогийн ерөнхий сайд Г.Занданшатарт ч дээрх тогтоолыг хүчингүй болгох эрх нь нээлттэй. Хуульд ерөнхий сайд гэж зааснаас биш ерөнхий сайд гэдэг албан тушаал нь хэвээрээ учраас асуудал үүсэхгүй. Хэрвээ засгийн газраас гарсан дээрх хууль зөрчсөн тогтоолыг өөрчлөхгүй бол хэн нэгэн ҮХЦ дээр маргаан үүсгэж цаг хугацаа зарцуулж явах шаардлага үүсэхгүй. Хэн 1 УИХ-ын гишүүн байж болно. Зардал үүснэ шүү дээ. Эсвэл би цэцэд хандлаа гэхэд цаг хугацаа зарцуулж ажил төрлөө зохицуулах шаардлага үүснэ. Гэвч энэ тогтоол миний амьдралд шууд нөлөөлөх ашиггүй асуудал уг нь биш шүү дээ. Ингэж хэн нэгэнд чирэгдэл учруулж байхаар ЗГ өөрсдийн гаргасан хууль зөрчсөн тогтоолоо өөрсдөө хүчингүй болгочихвол яасан юм бэ л гэж байгаа юм. Бүгд тэгш эрхтэй, гэхдээ гахай илүү эрхтэй гэдэг шиг зарчим УИХ-ын гишүүн Х.Баттулгад үйлчлээд байж болохгүй биз дээ. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх учиртай. Тэр хүн яагаад бусдаас давуу эрх эдэлнэ гэж? хэмээн үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл үүсэж байна.

-Хэрэв төрийн түвшинд энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол яах вэ?

-Хууль зөрчсөн үйлдэл бодитой байхад анхаарч засахгүй бол би ҮХЦ-д хандах бодол бий. Гэхдээ асуудлыг тэгж сунжруулахгүйгээр засчих болов уу гэдэг найдлага байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000