Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын эмэгтэй шигшээ баг анх удаа хагас шигшээ шатанд шалгаран үлдсэн билээ.
Тэгвэл өнөөдөр эх орныхоо талбайд Дэлхийн чансааны 8-дугаар байрт эрэмбэтэй Польшийн шигшээ багийг нэмэлт цаг хожиж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.
Тэд Дэлхийн аваргын төлөө чансааны 2-дугаар байрт эрэмбэтэй Нидерландын багтай тоглоно.
Манай охид “D” хэсэгт “Парис 2024” олимпын аварга Герман, мөнгөн медальт Испани болон Украйн, Бразилын багуудтай учраа таарсан. Ингээд 3 хожил 1 хожигдолтойгоор хэсгээсээ хоёрдугаар байраар шөвгийн 16-д шалгарсан.
Харин хасагдах шатанд БНХАУ-ын шигшээ багийг буулган авч, анх удаа шилдэг наймд үлдсэн төдийгүй хагас шигшээ шатны төлөөх маш чухал тоглолтод олимп, Дэлхийн аварга АНУ-ын шигшээ багийг буулган авсан юм.
Эмэгтэй шигшээ багийн тоглолтын үр дүн
Хэсгийн тоглолт
Монгол 16 VS Бразил 14
Монгол 10 VS Испани 22
Монгол 18 VS Герман 14
Монгол 18 VS Украйн 16
Хасагдах шат
Монгол 21 VS БНХАУ 19
Шөвгийн найм
Монгол 18 VS АНУ 15
Хагас шигшээ
Монгол 18 VS Польш 17