Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан нийгмийн сэтгэлзүйг цочроосон хэргийн талаар байр сууриа илэрхийллээ
Манай улсад сүүлийн үед ололт амжилт, баяр бахдал төрүүлсэн үйл явдлууд өрнөхийн зэрэгцээ монгол хүний сэтгэлийг шимшрүүлсэн, хүнлэг ёсноос ангид ноцтой үйлдлүүд гарсаар байна.Эмэгтэйчүүдийг зодох, хүүхдүүдийг хүчирхийлэх, мал амьтныг хэрцгийлэн хөнөөх зэрэг хэргүүд нь ганц нэг хүний ёс суртахууны алдаа бус, нийгмийн гүн давхаргад оршиж буй цогц асуудлуудын илрэл юм. Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь энэ нөхцөлийг бүрдүүлж байна.
Иймд Хууль зүйн яаманд эдгээр хэрэг явдлыг мөрдөн шалгаж, холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг үүрэг болголоо. Хуулийн хэрэгжилтэд улс төр, хувийн ашиг сонирхлын ямар ч нөлөө байж болохгүй. Мөн холбогдох хуулийн заалтуудад шаардлагатай бол өөрчлөлт оруулах саналаа яаралтай танилцуулахыг, – Боловсрол, Соёл, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамд хамтран ёс суртахуун, хариуцлагын боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ танилцуулахыг үүрэг болголоо.