Долоон сар гарч наадам хаяанд буулаа. Наадам, цагаан сар хоёр бол яалт ч байхгүй монгол хүн болж төрсний тамга гэрчилгээ гэж боддог. Дуртай байх дургүй байх хамаа байхгүй. Чи монгол болж төрсөн л юм бол наадам, цагаан сараар баярлах нь заавал хийж гүйцэтгэх ёс заншлын томоохон хэсэг. Еврейчүүд ханаа мөргөдөг шиг, лалууд хаж мөргөлөө хийдэг шиг, христианчууд шинэ жилээ тэмдэглэдэг шиг л эрхэм зүйл юм. Наадам, цагаан сар бол монголчуудын хувьд баяр цэнгэл гэхээсээ ёслол хүндэтгэл шахуу зүйл байсаар ирсэн. Энэ бол дэлхийн найман тэрбум хүмүүсийн дундаас ялгаран ижилсэх, үндэстэн угсаатнаа мэдэх нэг төрлийн код шахуу зүйл. Хурдан морь усан хулгана болоод байдаг хүчээрээ мэрийсээр барианд орох, унасан хүүхэд нь хав халтар царайлан мориноосоо дутахгүй амьсгаадан давчидсаар хүрч ирэхийг харах ямар сайхан байдаг билээ.
Морь уяж, хурдан морь унаж үзсэн бүү хэл, адуу мал цөөхөн харсан байсан ч монгол л хүн бол тэрүүхэн хооронд нүдэнд нулимс торох шиг болоод ирдэг билээ. Үзүүр түрүүний бөхийг шимтэн үзэж энд бяцхан хөдөлгөөн хийхэд стадион даяараа “ай” хэмээн уулга алдаж байгаа монголчуудыг бид харахаараа нэг болсон. Ингэж мэрийж шимтэн үздэг. Бөхийн барилдааны тэр чихэнд чийртэй уртын дуу, эрээн мяраан туг далбаа, наадамч олны хурц тод хувцас, цэв цэнхэр тэнгэр, цав цагаан үүл, алтан шар нар энэ бүгд баяр наадмын уур амьсгал оруулж үндэстэн нэгтнээрээ бахархах сэтгэл төрүүлнэ.
“Домгийн шувуу үргээж, монгол наадам эхлэх” гэж байна гэсэн утга зохиолд боловсроогүй олны шоолон ярилцдаг үгээр бичлэгээ өндөрлөе. Жич: Хангарди шувууг домгийн шувуу гэдэг юм. Тэрийг байшин шиг том шувуу гэж домоглодог. Тийм том тэгээд олуулаа байж байхад нь үргээвэл ямар сүртэй ямар том далавчтай харагдах вэ. Олон бөхчүүдийг дэвэн гарч ирэхийг түүнтэй зүйрлэсэн үг.
Ж.Сандагдорж