Анх 1924 онд Францын Парис хотноо AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог байгуулсан түүхтэй. Олон улсын холбоог байгуулсны 101 жилийн ой энэ өдөр тохиож байгаа юм. Харин Монголд 1990 онд Спортын сэтгүүлчдийн холбоог анх байгуулж, 1992 онд Унгарын Будапешт хотноо болсон AIPS-ны 55 дугаар их хурлаар гишүүнээр элссэн билээ.
Энэ өдөр Азийн Спортын сэтгүүлчдийн холбооны 26 дахь удаагийн чуулган Хонконгт үргэлжилж байна. Үүнд Азийн холбооны гишүүн 29 орны спортын сэтгүүлчдийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд манай улсаас спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батжаргал нар оролцож байна. Энэ үеэр Азийн спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дөрөв дэх ерөнхийлөгч Ч.Отгонбаатар Монголоос анх удаа Азийн спортын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал болох “Азийн Спортын сэтгүүлчдийн холбооны алдартан” цомоор шагнуулжээ.