АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын боловсруулсан “Нэгэн, том, гайхалтай хууль” хэмээн нэрлэсэн татвар болон төсвийн тухай хуулийн төслийг Сенатын танхимын гишүүд санал хураан батласан байна.
Сенатын мягмар гарагийн хуралдааны үеэр Трампын хуулийг батлах эсэх асуудлаар санал хурааж, 50-50 гэсэн харьцаагаар санал тэнцэж, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийн нэг дэмжсэн саналаар тус хуулийн төсөл дэмжигдэн батлагджээ.
Хэдийгээр Бүгд найрамдах нам Сенатад олонх боловч санал хураалтын үеэр тус намын гурван гишүүн Трампын хуулийн эсрэг санал өгсөн байна.
Ийнхүү татварын хэмжээг бууруулахад чиглэгдсэн хэдий ч АНУ-ын үндэсний өр зээлийн хэмжээг 3.3 их наяд ам.доллароор нэмэгдүүлэхээр болоод буй тус хуулийн төсөл албан ёсоор хууль болж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхэд нэг алхам ойртлоо.
Одоо уг хуулийн төсөл Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд илгээгдэж, зөвшөөрсөн тохиолдолд ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.
Трампын уг хуулийн төсөлд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, цайны мөнгө болон илүү цаг ажилласан цалингаас татвар авдаг явдлыг зогсоох гэх мэтчилэн татварын хувь хэмжээг бууруулах олон зүйл заалт багтан орсон бөгөөд Конгрессын төсвийн хорооны зүгээс уг хууль батлагдсан тохиолдолд АНУ-ын үндэсний өр зээлийн хэмжээг 3.3 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх тооцооллыг гаргажээ.
Хуулийг нь дэмжин батласан явдалд Д.Трамп Сенатын гишүүдэд талархал илэрхийлсэн байна. Мөн тэрээр өөрийнхөө хуулийг батлуулж, зөвшөөрүүлэх дарамт шахалтыг Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүдэд үзүүлсээр байгаа бөгөөд баасан гарагт тохиож буй АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөс өмнө хуулинд гарын үсэг зурахыг зорьж байгаа юм.
Энэ үеэр мөн Трампын энэхүү хуулийг эсэргүүцсэнээсээ болж төрийн албыг орхисон тэрбумтан Элон Маск дахин ерөнхийлөгчтэй ам зөрж эхэлсэн бөгөөд тэрээр өөрөө улс төрийн шинэ нам байгуулж, уг хуулийг дэмжсэн улс төрчдийн эсрэг тэмцэх амлалтыг өгсөн байна. Хариуд нь Д.Трамп Элон Маскыг АНУ-аас албадан гаргаж, түүний компаниудад үзүүлж буй холбооны засгийн газрын санхүүгийн дэмжлэгийг зогсоох асуудлыг авч үзэх болно хэмээн мягмар гарагт хэлсэн байна.