АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Израил улсыг 60 хоногийн хугацаанд тодорхой шаардлагатай болзолт нөхцлийн дагуу Газын зурваст гал зогсоохыг зөвшөөрсөн талаар мягмар гарагт мэдэгджээ.
Мөн тэрээр нөхцөл байдал цаашдаа улам хүндрэх учраас Ойрхи Дорнодын бүс нутгийн сайн сайхны төлөө Хамас бүлэглэл Израилын энэхүү саналыг хүлээж авна гэж найдаж байна гэжээ.
Ирэх даваа гарагт Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяхугийн Вашингтонд хийх албан айлчлалын өмнө ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч дээрх мэдэгдлийг хийлээ.
Трамп өөрийн нийгмийн сүлжээний хуудсаар дамжуулан хийсэн мэдэгдэлдээ “Израилын зөвшөөрөөд буй гал зогсоох 60 хоногийн хугацаанд бид энэхүү дайныг зогсоох асуудлаар бүх талуудтай хамтран ажиллах болно” гэжээ.
Гэхдээ Трамп Израилын зүгээс тавьж буй тодорхой нөхцөл шаардлага, болзлыг дэлгэрэнгүй танилцуулаагүй байна. Мөн Хамас бүлэглэл Израилын саналыг хүлээж авах эсэх нь ч тодорхойгүй байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт Израилын ерөнхий сайдтай уулзахдаа түүнтэй “маш хатуу” байх болно гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Тэгвэл тэрээр мягмар гарагт Флорида муж дахь хууль бус цагаачдыг саатуулах төвтэй танилцах үеэрээ Израилын ерөнхий сайдыг энэ дайныг дуусгахыг хүсэж байгаа хэмээн хэлсэн байна.
Энэ үеэр Газын зурваст явуулж буй Израилын цэргийн ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд зөвхөн мягмар гарагт л гэхэд палестины 26 иргэн амь үрэгдсэн талаар Газын иргэний хамгааллын агентлаг мэдээллээ. Харин Газын зурвасын хойд болон өмнөд хэсэгт үзүүлж буй цохилтуудаа Израилын зэвсэгт хүчний зүгээс “Хамас бүлэглэлийн цэргийн хүчин чадлыг устгахад чиглэж” байгаа хэмээн тайлбарласан байна.
Дайн эхэлснээс хойш Газын зурваст 56,647 хүн амь үрэгдээд байгааг Газын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.