Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр сагсанбөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монгол улсын шигшээ багийн тамирчид болох Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл, Мөнхсайханы Цэрэнлхам нарт Гавьяат тамирчин цол олголоо.
Сагсанбөмбөгийн спортоос эмэгтэй тамирчин гавьяат цол хүртэж байгаагүй бөгөөд 3х3 шигшээ багийнхан анхдагч тамирчид болж байна. Мөн багаараа МУГТ цол хүртсэн анхны тохиолдол болж байна.

Спортын гавьяат мастер цолыг анх 1960 онд олгож эхэлсэн бөгөөд үндэсний бөхийн аварга Б.Түвдэндорж анхны гавьяат тамирчин болж байсан түүхтэй. Харин сагсанбөмбөгийн спортоос Ц.Шаравжамц, Т.Түвшинбаяр, Б.Билгүүн нар гавьяат тамирчин цол хүртсэн бол өнөөдөр тэдэнтэй хамт нийт 7 гавьяат тамирчин энэ спортоос төрөн гараад байна.