horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Тайландын ерөнхий сайд Петонгтан Чинаватын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарчээ

post-img

Тайландын Үндсэн хуулийн шүүх 7-р сарын 1-ний өдөр ерөнхий сайд Петонгтан Чинаватыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгах өргөдлийг хүлээн авч, тухайн өдрөөс эхлэн түүний ерөнхий сайдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Нийт 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн цэцийн 9:0 гэсэн саналаар дээрх өргөдлийг хүлээн авч, 7:2 гэсэн саналаар шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл П.Чинаватыг ерөнхий сайдын үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Ерөнхий сайд П.Чинаватын Камбож улсын ерөнхий сайд асан Хун Сентэй удаан хугацаанд үргэлжилсэн газар нутгийн маргааны талаар ярилцах үеэрээ түүнийг “авга ах” хэмээн харьцаж, мөн яриандаа Тайландын цэргийн удирдагчийг өөрийнхөө “өрсөлдөгч” хэмээн хэлж байгаа утасны бичлэг ил болсонтой холбогдуулан түүнийг ерөнхий сайдын ёс зүйг зөрчсөн хэмээн хууль тогтоогчид үзэж, хууль зөрчсөн эсэхийг нь Үндсэн хуулийн шүүх тогтоохоор болоод байна. 

Өдгөө 38 настай Петонгтан Чинаватыг Тайландын ерөнхий сайдаар томилогдсоноос жил орчмын дараа ийнхүү бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Түүний эцэг болох Тайландын ерөнхий сайд асан Таксин  Чинаватыг эзэн хааны нэр хүндийг унагаж, гутаан доромжилсон хэргээр эрүүгийн шүүхэд шүүгдэх өдөр түүний охины бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.

Петонгтан Чинават Үндсэн хуулийн шийдвэрийг хүлээн авч байгаагаа мягмар гарагт мэдэгдсэн байна. Эвслийн засгийн газрыг хамтран байгуулсан консерватив нам түүний тэргүүлсэн Фу Тай намыг хэдийнээ засгийн газраас гаргаад байгаагаас гадна өнгөрсөн амралтын өдрүүдээр түүнийг эсэргүүцэж, ерөнхий сайдын албан тушаалаас огцрохыг шаардсан олон мянган хүний жагсаал нийслэл Бангкок хотод болсон байна.

П.Чинаватын засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Тайландын эзэн хаан мягмар гарагт мөн хүлээж аваад байгаа ба П.Чинават өөрийгөө Соёлын сайдын албан тушаалд томилж, пүрэв гарагаас Соёлын сайдын албанд орохоор болоод байгаа ч Үндсэн хуулийн шүүхийн мөрдөн байцаалтад байх хугацаандаа түүний дээрх албанд орж болох эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. 

0/1000