АНУ-ын зүгээс Украинд үзүүлэх зарим зэвсгийн тусламжаа зогсоосныг Цагаан ордон болон Пентагоны зүгээс мягмар гарагт мэдээлжээ.
Америкийн зэр зэвсгийн нөөц хэт буурч байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргаад байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Украинд үзүүлсэн зэвсгийн тусламжаас гадна АНУ сүүлийн үед Йемен дэх Хути зэвсэгт бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгөх, мөн Ойрхи Дорнодын холбоотон түнш Израилд зэвсэг нийлүүлж, Иранд агаараас цохилт өгөхөд оролцсоны улмаас зэвсгийн нөөц нь хурдацтай буурсан байна.
Мөн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өмнөх ерөнхийлөгч Жо Байдены үед Украин улсад нийлүүлэхээр амласан их бууны сум зэрэг зарим зэвсгийн тусламжийг л энэ удаад зогсоож байгаа ба ямар төрлийн зэвсгийн тусламжийг зогсоож байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Пентагоны зүгээс хийгээгүй байна.
АНУ-ын батлан хамгаалахын дэд сайд Элбриж Колби мэдэгдэл гаргаж, Пентагоны зүгээс батлан хамгаалах салбарын тэргүүлэх чиглэл болон бэлэн байдлыг хадгалахын зэрэгцээ Украин дахь мөргөлдөөнийг зогсоох зорилгод нийцүүлэхийн тулд Украинд хэрхэн зэвсгийн тусламж үзүүлж байгаа талаар хатуу хяналт шалгалт, зохицуулалт хийж байгааг тодотгожээ.
Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, 2022 оны 2-р сард ОХУ Украинд халдан түрэмгийлэн довтолж, дайн эхэлснээс хойш АНУ-ын зүгээс Украинд 66 тэрбум орчим ам.долларын зэвсэг, цэргийн тусламж үзүүлээд байгаа ажээ.