Мягмар гарагт Францын ерөнхий сайд Франсуа Байруд итгэл үзүүлэх эсэх асуудлаар парламентын санал хураалт явагдаж, хангалттай тооны гишүүд дэмжээгүй учраас тэрээр албан тушаалаа хадгалж үлдэхээр болжээ.
Ф.Байругийн тэргүүлсэн засгийн газарт итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг Социалист намын зүгээс парламентад оруулж ирсэн бөгөөд засгийн газрыг огцруулахад 289 санал шаардлагатайгаас ердөө 189 гишүүн дэмжсэн санал өгсөн байна.
Ийнхүү ерөнхий сайдаар томилогдоод хагас жил болж байгаа Ф.Байру ахин нэг итгэл үзүүлэх эсэх асуудлаарх парламентын санал хураалтыг даван гараад байна. Тэрээр оны эхээр хэд хэдэн ижил төрлийн санал хураалтыг даван гарч байсан бөгөөд ихэнх нь төсвийн хуультай холбоотой байсан юм.
Өдгөө 74 настай ерөнхий сайд өөрийнх нь эсрэг ийм үйлдэл хийсэн Социалист намд “ихэд уурлаж, бухимдсан” хэмээн түүний засгийн газрын нэрээ нууцласан нэгэн сайд хэвлэлд ярьсан байна.
Харин хэт барууны үзэлт Үндэсний Ралли намын дарга Марин Ле Пен Ф.Байругийн засгийн газрыг өнөөдөр унагах нь Францын ард түмэнд ямар ч үр ашиггүй тул түүнд итгэл үзүүлэхээр шийдсэн талаараа санал хураалтын өмнө мэдэгджээ. Гэхдээ Байругийн засгийн газрын боловсруулсан 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд түүний нам онцгой анхаарал хандуулж хянах болно гэсэн юм.
Францын ерөнхийлөгч Э.Макрон өнгөрсөн оны 12-р сард Франсуа Байруг ерөнхий сайдаар томилсон бөгөөд хэрвээ тэрээр мягмар гарагийн санал хураалтаар унаж, албан тушаалаасаа огцорсон бол Э.Макрон ерөнхий сайдын албан тушаалд томилох 7 дахь хүний эрэлд гарах байсан ажээ.