Мягмар гарагт Их Британийн зүгээс Хонконгийг БНХАУ-д хүлээлгэн өгсөн түүхэн үйл явдлын 28 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Их Британийн колони байсан Хонконгийг 1997 оны 7-р сарын 1-нд БНХАУ-д хүлээлгэн өгч байсан юм.
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг үүсгэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээний үеэр Бээжингээс томилогдсон Хонконгийн засгийн газрын тэргүүн Жон Ли тус бүсийн нийгмийн хяналтыг чангатгах амлалтыг өгсөн байна.
Өмнө нь Хонконгийн ард түмэн БНХАУ-ын “нэг улс, хоёр систем” бодлогын хүрээнд илүү эрх чөлөөтэй, үг хэлэх эрх чөлөөтэй байсан бөгөөд жил бүрийн 7-р сарын 1-ний өдөр гудамж талбайд гарч, ардчиллын төлөө тайван жагсаал цуглаан зохион байгуулдаг байсан бол 5 жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын хуулийг ашиглан иргэдийн жагсаал цуглаан, ардчиллын төлөөх үйл ажиллагааг нухчин дарсан билээ.
Мягмар гарагийн ёслолын арга хэмжээний үеэр Хонконгийн засгийн газрын тэргүүн Жон Ли үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө гуйвшгүй тогтвортой ажиллах болно гэдгээ тодотгож, “Хятад улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих үүднээс Хонконгийн бүсийг үндэсний хөгжлийн бодлогод интеграцчилж, идэвхтэйгээр нэгтгэн оруулах болно” хэмээн нэмж хэлсэн байна.
Бээжингийн зүгээс Америкийн тарифын бодлого болон бусад асуудлаас үүдэн Хонконгийн бизнесийн салбарынхныг эх оронч байж, Хятад улсын эдийн засагт хувь нэмрээ оруулахыг уриалж эхлээд байгаагийн нэг илрэл нь Жон Ли-гийн дээрх мэдэгдэл байлаа.