Европын Холбооны “Твиннинг” буюу Хосолмол түншлэлийн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төслийн нээлтийн үеэр Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэртэй ярилцлаа.
-Энэхүү төслийн зорилго, ач холбогдол юу вэ?
-Монгол Улсын Дээд шүүхийн хувьд шүүх эрх мэдлийн эрх зүйн тогтолцоог төгөлдөршүүлэх чиглэлд олон талт ажлыг санаачилж, зохион байгуулж ирсний нэг нь “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төсөл юм. төслийн ахлагчаар УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, Монгол талын байнгын зөвлөхөөр УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт ажиллаж байна. төслийн хүрээнд гурван зорилтыг дэвшүүлсэн. тодруулбал, шүүхийн захиргааны байгууллагын ч анарыг сайжруулж, чадавхыг бэхжүүлэх, шүүхийн тогтолцооны үр дүн, гүйцэтгэл, хариуцлагыг нэмэгдүүлэх, шударга ёсонд итгэх итгэлийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллах юм.
-Шүүхийн салбарт хэрэгжүүлж ирсэн олон улсын төслүүдээс энэ удаагийнх юугаараа онцлог вэ. Төслийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэхүү “твиннинг” төслийн нэг онцлог нь ижил төрлийн байгууллагууд хосолж, сайн туршлагаа хуваалцдагт оршино. Энэ утгаараа Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд уг төслийн хүрээнд ХБНГУ-ын Хойд Рейн Вестфали мужийн хуулийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Манай улсаас Улсын дээд шүүхээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи гэсэн салбарын байгууллагууд оролцож, дээр дурдсан гурван зорилтыг 55 арга хэмжээний хүрээнд төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон.
Энэ төсөл нь Монгол Улсад хараат бус, хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийн тогтолцоог төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой. Эцсийн үр дүнд шүүхэд итгэх иргэдийн итгэл, шүүхийн байгууллагын үйлчилгээний чанар стандарт хийгээд эрх зүйн орчин сайжирна гэж үзэж байгаа. төслийн хэрэгжилтийн явцад ХБНГУ-аас экспертүүд зөвлөгөө өгч ажиллах ба нэг ёсондоо Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт оюун санааны томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байна гэсэн үг. Уг төсөл нь европын Холбооны 1.5 сая еврогийн хөрөнгө оруулалттай. Энэ оны дөрөвдүгээр сараас 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
-Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь өргөн агуулгаараа ардчиллыг бэхжүүлэхэд чухал үр нөлөөтэй. Энэ талаар тодруулбал?
-Яг үнэн. Шүүхийн шинэтгэл гэдэг бол цогц үйл ажиллагаа. Дэлгэрүүлбэл, шүүх, шүүхийн байгууллагын хараат бус, ил тод байдлыг сайжруулах, шүүн таслах ажиллагааны чанарыг дээшлүүлэх гэх мэтчилэн шүүх эрх мэдлийн салбарын чадавхыг сайжруулах нь нийгмийн хөгжлийн хамгийн чухал хэмжүүр гэж ойлгож болно. тиймээс ч шүүхийн тогтолцоонд дэлхийн хөгжингүй орны шалгарсан туршлагыг нэвтрүүлэх нь онцгой ач холбогдолтой юм.
Шүүх хэргийг шударгаар, богино хугацаанд шийдвэрлэж байх ёстой. Шүүхээр эрхээ хамгаалуулахаар хандсан хэн бүхэнд нээлттэй, хүртээмжтэй,шүүхийн үйлчилгээг хүргэж байх ёстой. Харин манай улсын хувьд энэ тал дээр дутагдалтай зүйл их байна. Үүнийг богино хугацаанд яаж сайжруулах вэ гэдэгт анхаарч, дээрх төслийг хэрэгжүүлэх юм. Гэхдээ шүүх өөрийн хэмжээнд олон улсын төслийн хөрөнгө оруулалтыг татаж байгаа ч түрүүн дурдсан шүүх эрх мэдлийн салбарыг хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд анхаарч, томоохон хөрөнгө оруулалт хийх цаг нь болсон. нийгмийн хөгжлийг дагаад шүүхээр үйлчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Ганцхан жишээ дурдъя. Улсын хэмжээнд 2023 онд 146.250 хэрэг шүүх хүлээн авч шийдвэрлэж байсан бол 2024 онд энэ тоо 179.293 болж өссөн. Өөрөөр хэлбэл, ганцхан жилийн дотор шүүхийн ачаалал 33 мянган хэргээр нэмэгдсэн байна.
-Төсвийн тодотголоор шүүхийн төсвийг хамгийн ихээр хассан байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Ардчилсан нийгэмд шүүхийн төсөв гэдэг зөвхөн шүүхэд хамаатай асуудал биш ард иргэдийн эрхээ хамгаалуулах амин чухал судас нь гэж ойлгож болно. төсвийн тодотголоор хамгийн өндөр хувиар төсвийг хассан салбар шүүх байгааг ойлгоход бэрх. Мэдээж хасаж болох, тэвчиж болох зардлуудыг танах нь зүйн хэрэг. Өмнө нь дурдсан тоон мэдээллээс харахад жил ирэх тусам шүүхийн ачаалал нэмэгдсээр байна. Өнгөрсөн оны статистик дүн мэдээнээс харахад, шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн тоо 600 мянгыг хол давсан байх жишээтэй. Шүүхэд угаасаа үйл ажиллагааны зардал л гэж бий. Гэтэл шүүхийн үйл ажиллагааны зардлыг их хэмжээгээр хассан нь шүүхээр үйлчлүүлэх иргэдийн эрхийг боомилж байгаа хэлбэр. нөгөө талаар “Шүүхийн үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж Үндсэн хуульд тусгасан байдаг. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд шүүхийн ганц ч байр шинээр барилгүй өдийг хүрсэн. Анхан шатны шүүхүүдийн хурлын заал хүрэлцэхгүй байна. Шүүх хурал хурлын заалгүйгээс болж хойшилдог. Шүүгчид хавтаст хэргээ тэврээд хурлын заалныхаа өмнө дугаарлаж байна. Шүүгчийн туслах өдөрт 200-300 хүн рүү утасдаж, зар хүргэж ажилладаг. Бодит байдал ийм хүнд түвшинд байхад шүүх байгууллагын төсөв хангалттай бус байна. Үүний хор хохирлоор манай улсад хамгийн хөгжөөгүй салбар шүүх болсон.
Жишээ нь, Шүүхийн академийн үйл ажиллагааны нийт зардлын 38 хувь нь энэ намар зохион байгуулахаар төлөвлөсөн шүүгчийн заавал хамрагдах сургалтын зардал. Үүнийг нэг ч төгрөг үлдээлгүй 100 хувь хасчихсан. тиймээс энэ намраас эхлэн Шүүхийн академийн үйл ажиллагааны гурван чиг үүргийн нэг болох сургалтын үйл ажиллагаа алдагдахад хүрээд байна.
Өөрөөр хэлбэл, шүүгч заавал сургалтад хамрагдаж, хангах ёстой кредитээ цуглуулна гэж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг. нийгмийн хөгжлийг дагаад шинэ төрлийн хэргүүд гарч байна. түүнийг хэрхэн шийдэх онол, олон улсын аргачлалыг өндөр түвшний судалгаанд үндэслэж, сургалтын программыг Шүүхийн академиас гаргадаг. Улмаар шүүгчийн сургалтаар зааж сургадаг. Шүүгч үргэлж суралцаж чадавхжих нь шүүхийн тогтолцоонд асар чухал. Бусад улсад шүүхийн салбарын сургалт судалгааны ажил нэн тэргүүнд тавигддаг жишиг бий. Энэ мэтчилэн шүүхийн онцлогийг харгалзан үзэж, шүүхийн төсвийг баталмаар байна. Харамсалтай нь, манайд энэ төрлийн ойлголт хомс байна.
-Шүүхийн үйл ажиллагааны зардлыг танасаар ирсэн нь төрд итгэх иргэдийн итгэл сулрах нэгэн шалтгаан гэж ойлгох болох уу?
-Шүүх байгууллага жилийн жилд төсвөө тануулж явсаар өдийг хүрлээ. тиймээс хууль, шүүхийн салбарынхан өнөөдөр дуугарахаас өөр аргагүйдлээ. Шүүхэд оруулж буй хөрөнгө оруулалт бол тэгш эрх, шударга ёс, ирээдүйн эрүүл нийгмийн хөрөнгө оруулалт. Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахад хагас жил үлдсэн ч төрийн нэгдсэн бодлого, төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн хийгдэх вэ гэдэг тодорхойгүй байна. Уг нь Шүүх байгуулах тухай хуулиар 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгуулахаар хуульчилсан. Өнөөдөр эрүү, иргэний хэргийн шүүхүүдэд гэр бүл, хүүхдийн хэргүүд овоорч байна. Гэр бүлийн гишүүдийн зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд яг энэ чиглэлийн дагнасан шүүхийн тогтолцоог буй болгох нь шүүхийн институцийн төдийгүй Монголын нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй. Иймээс Улсын Дээд шүүхээс хэдхэн хоногийн өмнө “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг гадаадын долоон улсаас эрдэмтэн, шүүгч, судлаачдыг оролцуулж зохион байгуулсан. нийгмийн хамгийн үнэт баялаг болсон гэр бүлээ хамгаалахад энэхүү дагнасан шүүхийн хувь нэмэр их.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Ө.Анхзаяа