horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Х.Тэмүүжин: Эрх мэдэлтэн, дарга, төрийг эрх мэдэлтэй болгох хуулийг маш ихээр үйлдвэрлэсэн

post-img

УИХ-ын хаврын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор оруулж ирсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэгдэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

-Газрыг дахин төлөвлөж, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг юу юунд зарцуулах вэ. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинээр байгуулахад Гэр хорооллын хөгжлийн сангаас хөрөнгө зарцуулахаар заажээ. Сангийн хөрөнгийг тэгш хүртээхийн тулд ямар зарчим барих вэ. Хотын төв дэх ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинээр барихад сангийн хөрөнгө түлхүү зарцуулагдаад гэр хорооллыг дахин төлөвлөх ажил нь орхигдох вий. Тэнцвэрийг нь хэрхэн хангаж ажиллах вэ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-УИХ-аар 2023 оны арванхоёрдугаар сард Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлахтай зэрэгцэж Улаанбаатар хотод баригдах талбайн 60 хувь барилгажина, үлдсэн 40 хувь нь ногоон байгууламж, авто зам, зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байхаар өөрчлөлт оруулсан.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Энэ хуулийг дэмжиж байгаа. Хуульд таксийг дэмжих заалт орж ирсэн байсан. Таксийг яг ямар талаас нь дэмжихээр оруулж ирж байгаа вэ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Бид анх удаагаа нийтийн тээврийг хөгжүүлэх санг байгуулсан. 2009 онд Засгийн газраас 400 автобус буюу нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж өгсөн. Харамсалтай нь энхүү 400 автобусыг төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр нь нийлүүлсэн боловч эргэн төлөлт огт хийгдэхгүй явсан. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс ашиглалтын хугацаа дууссаны дараа нөгөө аж ахуйн нэгжүүдээс нийслэл автобуснуудынхаа кузовыг буцааж авах боломжтой гэдэг айхавтар шийдвэр гарсан. Ингээд нийтийн тээврийн зөвхөн нэг төрөл дээр бид анхаарахаас илүүтэйгээр цаашид такси үйлчилгээг стандартын дагуу Монгол Улсад нэвтрүүлье гэдэг бодлогыг барьж байгаа. Энэ утгаараа нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад тодорхой хүүтэй зээл олгохоор болж байгаа. Энэ дэмжлэг үзүүлэх хэлбэр лүү бид шилжинэ.

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:

-Улаанбаатар хотод барилга барих ямар ч газар үлдээгүй. Гэтэл нэг барилгыг буулгаад нэг барилга барьдаг ийм жишиг рүү орсон. Жишээ нь Төмөр замын тэнд байгаа гурван давхар орон сууцыг буулгаад 20 давхар барилга барьж байна. Ингэж чихээд 20 давхраар нь бариад байхаар нийслэлийн түгжрэл яаж буурах юм бэ. Замын түгжрэлийн үндсэн асуудал бол автомашин. Танай дарга нар Байнгын хорооны хуралд орж ирчихээд лизингээр приус авч унадаг иргэдийг буруутгаад, бүр үзэн ядаад яриад байсан. Үүнд би дургүйцээд хоёр, гурван үг хэлсэн шүү. Буруу ойлгосон байж магадгүй. Гэхдээ жолооч нарт асуудал байгаад байна. Жолоочийн хариуцлагыг яаж нэмэгдүүлэх вэ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Төмөр замын тэр хавийн барилгажилтай холбоотой зөвшөөрлийг зогсоож байгаа. Бид одоо УИХ-аар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө батлагдахыг хүлээж байна. Энэ батлагдвал дахиж Улаанбаатар хотоос архитектур, барилгын өндөр намтай холбоотой зөвшөөрөл олгодог байдал болино. Өөрөөр хэлбэл, бид барилгажилтынхаа өндөр нам, өргөн, нарийныг нэг мөр УИХ, Засгийн газрын хуралдаанаар батлуулаад тухайн барилга барих этгээд өөрөө энэ хүрээндээ барилгаа барих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Бизнесийн хувьд огт ашиггүй байршилд байгаа төслийг яаж шийдэх вэ. Жишээ нь, Биокомбинатад байгаа байрыг буулгахад хэн ч орж ирэхгүй, иргэд нь маш хүнд нөхцөлд байдаг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд стандартын бус маш том барилгын ажил эхлүүлсэн байна гэдэг гомдол иргэнээс ирүүллээ. Та бид хоёр Хан-Уулын гуравдугаар хороонд “Жигүүр гранд”ынхантай уулзаад газар чөлөөлж, сургууль барихаар болсон ч өнөөдрийг хүртэл чөлөөлсөнгүй. Хэдүүлээ ямар арга хэмжээ авах вэ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотод хамгийн том тулгамдсан асуудал болоод байгаа зүйл бол ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байгаа болон орон сууцаа төслийн компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр нураасан асуудал. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт “Аи Ти Си”-ийн 201, 202 дугаар байрыг нураагаад айлыг нь орох оронгүй болгочихсон. Гэрээ байгуулсан компани нь карказ л цутгасан, өөр хийсэн ажилгүй. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж байгаа барилгын талаар мэдээлэл ирсэн. Хотын стандартын газар болон Хотын хяналт шалгалтын газрыг шалгалт хий гээд явуулсан. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хоёр барилгын асуудал яригдаж байна. Эргээд бичгээр мэдэгдье.

Дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХын гишүүн Б.Жаргалан:

-Хууль зүй, Ерөнхий сайдаар томилогдож байсан хүмүүс өнгөрсөн хугацаанд хуулийн хонгил нураана гэж орж ирсэн. Хонгилыг нураахад 126 гишүүнтэй энэ парламент бодитоор хувь нэмэр оруулж чадах уу, таны санаачилсан төсөл энэ үйл хэрэгт хувь нэмэр оруулж чадах уу.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Үндсэн Хууль батлагдаад 33 жил, 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдал болоод 17 жил болж байна. Гэтэл бид 17 жил иргэнийхээ эрхийн төлөө хууль маш бага гаргасан. Эрх мэдэлтэн, дарга, төрийг эрх мэдэлтэй болгох хуулийг маш ихээр үйлдвэрлэсэн. Сая УИХ стратеги төлөвлөгөөгөө баталсан. Хүний эрхэд суурилсан хүн төвтэй, хууль зүйн бодлогын төлөө 126 гишүүн ажиллана гэж хэлсэн. Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал байна. Хүний эрх, эрх чөлөө түүний баталгааг хангах нь Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал, гэмт хэрэгтэй тэмцэх, урдчилан сэргийлэх бодлого боловсруулах нь Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал. Прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудал Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал. Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагаатай холботой асуудал Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах асуудал түүнтэй холбоотой хууль зүйн бодлого боловсруулах бол Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал. Гэтэл эрхлэх асуудлаараа хяналт тавьж чаддаггүй байнгын хороо яаж шийдвэр гаргах вэ, яаж асуудлыг бодитой дүгнэх вэ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Мөнхтүвшин

0/1000