Нью Йорк хотын Манхэттэн дүүргийн тангарагтны шүүгчид орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 10:00 цагт реппер Шон “Дидди” Комбстой холбогдох хэргийн шийдвэрээ гаргасан байна.
Тангарагтны шүүхийн 12 шүүгч (8 эрэгтэй, 4 эмэгтэй) Дидди-г гэмт хэргийн шинжтэй бүлэглэлийн үйл ажиллагаа явуулсан болон хуучин найз бүсгүйчүүдээ (Кассандра Вентура, “Жэйн” нар) бэлгийн мөлжлөг, наймаанд ашигласан хэрэгт буруугүй хэмээн үзсэн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл прокуроруудын зүгээс Дидди-г насаар нь хорихоор яллахыг зорьж, буруутгасан томоохон хэргүүдэд тангарагтны шүүгчид түүнийг буруугүй гэж үзсэн байна.

Гэхдээ тангарагтны шүүгчид Дидди-г бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн хоёр хэрэгт буруутай гэж үзсэн бөгөөд дээрх хэргүүдэд оноох ялыг хожим танилцуулахаар болжээ. Хуулийн дагуу энэ төрлийн хэрэгт дээд тал нь 10 жил хүртэл хорих ял оноох боломжтой буюу тэрээр дээрх хоёр хэрэгт 20 хүртэл жил хорих ял сонсч магадгүй байна.

Шүүхийн шийдвэрийг танилцуулж дууссаны дараа Дидди тангарагтны шүүгчдэд талархал илэрхийлж, доошоо өвдөг сөхрөн сууж, хоёр гараа хавсран бурханд залбирч, чичирч байсан бөгөөд шүүх танхимд ирсэн өөрийн хоёр ихэр охин, хүү нар болон 85 настай ээж рүүгээ даллаж, “би гэртээ харина аа” хэмээн хэлсэн байна.
Түүний гэр бүлийнхнээс гадна өмгөөллийн багийнхан мөн баярлаж, баярын нулимс дуслуулжээ. Манхэттэн дүүргийн шүүхийн гадаа мөн “Диддиг сулла” хэмээн бичсэн уриа лоозон барьсан олон хүн цугларсан байлаа.

Дидди-г өмгөөлөгчөө тэвэрч, гэр бүлдээ гараа далласны дараа түүнийг шүүх танхимаас гаргасан бөгөөд түүний ялыг танилцуулах хүртэл торны цаана суух юм. Тэрээр өнгөрсөн оны 9-р сараас хойш Бруклин дэх холбооны шоронд хоригдож байгаа ба түүний хэргийн шүүх хурал 2 сарын хугацаанд үргэлжлэн явагдсаны эцэст 3 хэрэгт буруугүй, 2 хэрэгт буруутай гэсэн дүгнэлт гаргалаа. Буруутай гэж үзсэн дээрх хоёр хэрэгт оноох ялыг энэ оны эцсээр гарган танилцуулах талаар Америкийн хэвлэлүүд мэдээллээ. Урьдчилсан байдлаар 10-р сарын 3-ны өдөр ялыг танилцуулах тов гаргасан байна.
Лхагва гарагийн үдээс хойш явагдсан ахин нэг сонсголын үеэр шүүгч Арун Субраманиан шүүгдэгч Шон Комбсыг батлан даалтаар суллах хүсэлтийг хүлээж аваагүй байна. Мөн Дидди-гийн экс найз бүсгүй Кассандра Вентура шүүхэд илгээсэн захидалдаа Дидди-г батлан даалтаар сулласан тохиолдолд аюултай болохыг анхааруулсан байна.
Шон Комбсын дээрх 5 хэрэгтэй холбогдох шүүх хурал ийнхүү өндөрлөсөн ч бэлгийн хүчирхийлэл болон хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгасан олон арван иргэний нэхэмжлэл түүнийг хүлээж байгаа юм.