Поп дуучин Шакирагийн эрүүл мэндтэй холбоотой хувийн мэдээллийг ил болгож задруулсан Перу улсын эмнэлэгт өндөр торгууль ногдуулсан талаар тус улсын эрүүл мэндийн албаныхны зүгээс лхагва гарагт мэдэгджээ.
Энэ оны 2-р сард гэдэс, хэвлийн асуудлаар дуучин Шакирад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эмчилсэн Перу улсын нийслэл Лима хотын Делгадо Ауна хэмээх эмнэлгийг дуучны хувийн мэдээллийг задруулсан хэргээр 190 мянган ам.долларын торгууль ногдуулсан байна.
Өдгөө 48 настай, дөрвөн удаагийн “Грэмми” шагналт, Колумбын дуучин Шакира өнгөрсөн 2-р сард Перу улсын нийслэл Лима хотноо хийсэн тоглолтоо хэвлийн өвдөлтийн улмаас зогсооход хүрч, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэрээр дээрх эмнэлэгт хоёр өдөр хэвтэн эмчлүүлсний дараа ахин тайзан дээр гарч, тоглолтоо дуусгаж байсан юм.
Шакираг тийнхүү богино хугацаанд эмнэлэгт хэвтсэний дараахан түүний эрүүл мэндийн дүгнэлт олон нийтийн сүлжээгээр цацагдсан нь шүтэн бишрэгчдийн дургүйцлийг хүргэж, албан ёсны мөрдөн байцаалт эхлүүлэхэд хүргэсэн байна.
Тухайн үедээ түүний эмчлүүлсэн Делгадо Ауна эмнэлгийн зүгээс “манай ёс зүйн дүрэм, хувийн мэдээлэл боловсруулах журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гарсан” гээд, шалгаж байгаа талаараа мэдэгдэж байсан бол Лима хотын эрүүл мэндийн албаныхны зүгээс тус эмнэлэгт өндөр дүнтэй торгууль ногдуулсан байна.
Дуучин Шакира “Las mujeres ya no lloran” (Бүсгүйчүүд ахиж уйлахгүй) хэмээх дэлхийн аялал тоглолтоо үргэлжлүүлсээр байгаа бөгөөд энэ нь түүний сүүлд хийсэн “El Dorado” дэлхийн аялан тоглолтоос хойш 7 жилийн дараа хийж байгаа шинэ аялан тоглолт юм.
Энэ оны 2-р сард Бразил улсаас эхэлсэн түүний “Las mujeres ya no lloran” аялан тоглолт Перу, Колумб, Чили, Аргентин, Мексик, Доминикан, АНУ-аар үргэлжилж, 11-р сард Перу улсад өндөрлөх болно.