horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Хамас бүлэглэл 60 хоног гал зогсоох саналыг хянаж судлаж байгаагаа мэдэгдэв

post-img

Израилын тал хүлээн авч зөвшөөрсөн хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын энэ долоо хоногт мэдэгдсэн Газын зурваст 60 хоног гал зогсоох тохиролцооны шинэ саналыг хянаж, судлаж үзэж байгаа талаараа лхагва гарагт Хамас бүлэглэл мэдэгдэв.

Хамас бүлэглэл мэдэгдэлдээ Израилтай гал зогсоох тохиролцоонд хүрэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч, аливаа гал зогсоох тохиролцоо дайныг зогсоож өндөрлүүлэхэд чиглэгдсэн байх ёстой гэсэн өөрсдийн байр суурийг давхар илэрхийлжээ.

Өөрөөр хэлбэл гал зогсоох тохиролцоогоор дайныг шууд зогсоож, Израилын цэргийг Газын зурвасаас гаргахыг Хамас бүлэглэл зорьж байгаа юм.

Харин Трампын санал болгоод буй 60 хоног гал зогсоох хугацаанд дайтагч болон зуучлагч гээд бүх талууд дайныг зогсоох дараагийн үе шатны асуудлуудыг хэлэлцэхийг санал болгосон. Д.Трамп ирэх долоо хоногт гал зогсоох тохиролцоо байгуулагдаж ч магадгүй хэмээн итгэл найдвар тавьж байгаагаа хэлсэн юм.

Хамас бүлэглэлийн төлөөлөгчид лхагва гарагт Каир хотноо зуучлагч Египет болон Катар улсын албаныхантай уулзаж, гал зогсоох шинэ саналын талаар хэлэлцжээ.

Харин Израилын албаны эх сурвалжийн мэдээлснээр 60 хоног гал зогсоох шинэ саналд Израилын зэвсэгт хүчин хэсэгчилсэн байдлаар Газын зурвасыг орхин гарч, мөн дайны хөлд нэрвэгдэж хүмүүнлэгийн хямралд орсон тус бүс нутагт нэвтрүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ огцом өсөн нэмэгдэх зүйл заалтууд багтан орсон байна. Харин АНУ-ын талаас тавьсан дайныг бүрмөсөн дуусгах тухай саналыг Израилын тал хүлээж аваагүй гэнэ.

Мөн энэ удаагийн гал зогсоох саналд хичнээн тооны барьцааны хүнийг суллах нь одоогоор тодорхойгүй байна.

Израил улсын зүгээс 60 хоног гал зогсоох саналыг Израилын тал хүлээн авч, зөвшөөрсөн гэх Трампын мэдэгдлийн талаар хараахан албан ёсны мэдэгдэл, тайлбар хийгээгүй байна.

0/1000