horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

USAID агентлаг албан ёсоор хаагдав

post-img

USAID буюу АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг мягмар гарагт албан ёсоор хаагдлаа.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тус байгууллагыг улс оронд үр ашиггүй их хэмжээний зардал гаргаж, төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байна гэсэн шалтгааны улмаас үйл ажиллагааг нь зогсоож, ажилтнуудыг нь цомхотголд хамруулах арга хэмжээг өнгөрсөн хавар эхлүүлсэн юм.

Тодруулбал, өнгөрсөн 3-р сард тус агентлагийн олон улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн 80 гаруй хувийг зогсоогоод байсан бол АНУ-ын Төрийн департамент энэ долоо хоногийн мягмар гарагт үлдсэн хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоосноор ийнхүү USAID агентлаг хаагдаж байна.  

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хаагдсан явдалд харамсч, мөн ийм шийдвэр гаргасан одоогийн засаг захиргаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа тус улсын экс-ерөнхийлөгч Барак Обама, Жорж Буш нар илэрхийллээ.

1961 онд анх үүсгэн байгуулагдаж байсан тус агентлаг 10000 орчим ажилтантай үйл ажиллагаа явуулж байсны 6600 гаруй нь хилийн чанадад ажиллаж байсан ажээ.

USAID агентлагийн олон улсад үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа үлдсэн 1000 хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департамент өөрийн мэдэлд шилжүүлэн авна гэдгийг төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өмнө нь мэдэгдэж байсан юм.

Гэхдээ USAID хаагдаж, татан буугдлаа гээд АНУ-ын олон улсад үзүүлэх тусламж зогсохгүй, эсрэгээрээ илүү “үр дүнтэй” байдлаар үргэлжлүүлнэ гэдгийг АНУ-ын Төрийн департаментын зүгээс мэдэгджээ.

USAID агентлагийн төсөл хөтөлбөр зогссоноор 14 сая гаруй хүн амиа алдах эрсдэлд орж байгаа талаарх судалгаа эрүүл мэндийн нэр хүндтэй Lancet сэтгүүлд саяхан нийтлэгдсэн юм.

USAID агентлаг олон улсын хандив, тусламжийн тогтолцооны салшгүй нэгэн томоохон хэсэг байсан бол Трампын засгийн газар тус агентлагийн санхүүжилтийг зогсоосны дараа Их Британи, Франц, Герман зэрэг бусад томоохон донор улс орнууд ч олон улсын хандив, тусламжид зориулсан санхүүжилтээ танахаар болсноо зарлаад байгаа билээ.

0/1000