УИХ-ын нэгдсэн чуулганаар 2025 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны эргэж буцсан шийдвэрийн талаар шүүмжилж байр сууриа илэрхийлээ.
Тэрээр “Тэтгэвэр барьцаалсан зээлтэй холбоотой ор орлогын харьцаагаа хэдхэн сарын дотор ахин дахин өөрчилж нь зохимжгүй юм. Анх өр орлогын харьцааг 50/50 болгож байхдаа инфляц хөөрөгдөхгүй, ханш алдахгүй гэж шийдвэр гаргаж байсан.Гэтэл хэдхэн сарын дараа ингэж өөрчилж байгаа нь байж боломгүй зүйл болж байна. Ер нь банкны салбарынхан богино хугацаатай өндөр хүүтэй хэрэглээний зээл олгоод л явж байх сонирхолтой.Урт хугацаатай хүү багатай хөрөнгө оруулалтын зээл олгох сонирхол багатай болсон байна. Богино хугацаанд өндөр ашиг хийхийг боддог ийм л салбар болчхож. Бусад орны жишээг харахад хүү харьцангуй бага гол нь урт хугацаатай зээл олгохыг л эрмэлздэг. Монголд энэ зарчим тэс өөр. Малчны зээл л гэхэд маш том жишээ байна. Жилийн дотор банкны мөнгийг 24 хувиар өсгөж өгөхийн төлөө малчид малаа маллаж байна. Хүн ажил хийвэл цалин авдаг бол малчид ажил хийж банкны хүү төлж байна. Иргэд нь хэрэглээний зээлд хүлэгдсэн байдлыг халахын төлөө Монголбанк мөнгөний бодлогоо чиглүүлж ажиллах учиртай.Өнөөдөр засгийн газар төсөв тодотгож байхад Монголбанк нь хэрэглээний зээлийг улам тэлэх бодлого гаргаад сууж байж болохгүй. Энэ чинь бодлогын асар том зөрүү” хэмээн мэдэгдлээ.