horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Эгэл борчуудад хатуурхдаг хууль ардын багшийн амийг авч одов уу?

post-img

Энэ хорвоод хүн болсондоо талархъя. Миний ах дүү нар энэ асуудалд миний хань ижил үр хүүхэд буруугүй шүү. Битгий миний хань ижил, үр хүүхдийг буруутгаарай. Дандаа харж хандаж байгаарай гуйж байна. Намайг уучлаарай, намайг уучлаарай, намайг уучлаарай……..

Ийнхүү гэрээслэл бичээд залуухан багш амиа хорложээ. Талийгаач Хөвсгөл аймгийн “Арбулаг” сумын дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байсан юм.

Тэрээр “Хуурамч диплом ашигласан” хэрэгт буруутгагдан нийт 126 сая төгрөгийг улсад эргүүлэн төлөх болжээ. Шүүхийн энэ шийдвэр 2023 онд гарах үед эхнэр нь дөнгөж төрсөн нялх биетэй байсан тул сэтгэл зүрхээ зориулан ажилласан 12 жилийн хөдөлмөрийг нь үнэлж, тал төлбөрийг нь төлж болох уу? гэж олон ч хүнд хандаж хөөцөлдсөн байна.

Гэвч шүүхийн шийдвэр эцэслэгджээ. Ингээд 2 жил орчим өрөө төлж явсаар эцэстээ гаднаа түлэх түлээгүй болтлоо амьдрал нь хүнд болсон тул ар гэрээ өрнөөс гаргаж, амиараа төлөхөөс өөр аргагүйд хүрлээ хэмээн гэрээслэл бичиж үлдээсэн байна.

Тухайн залуу багш 2008 онд 750 оноотойгоор МУБИС-д элсэн суралцжээ. Харин төгсөх жилээ ар гэрийн шалтгаанаар хоёр кредит хичээлээ үзэж чадаагүйн улмаас бакалаврын дипломоо авч чадаагүй аж. Харин хожим нь “диплом авч, гаргаж өгнө” гэсэн хүнд мөнгө төлж дипломтой болсон байна.

Талийгаачийн эхнэр Д.Лхамсүрэн: Үүрийн гэгээнээс үдший бүрий хүртэл хүүхдүүдийн боловсролын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байсныхаа хувьд үхэх хүртлээ гэрээслэл бичээд ийм их өрөнд ороод хайртай бүхнээ орхиод аав нь бурханы оронд очихоор боллоо. Энэ их өр, муу муухай зүйлээ авахаар боллоо. Та нар энэ өрийг төлөх учиргүй шүү гэсэн гэрээслэл бичээд бид нарыг үүрд хаяад явсан байсан. Монгол улсын хууль хүн алчихлаа шүү дээ. Зүгээр энгийн ажиллаад амьдарч байсан нэг гэр бүлийг хагацал, зовлон гашуудал дунд унагачихлаа шүү дээ. Хуулийн заалтаа хараач ээ. Эрх тэгш баймаар байна. Хулгай хийсэн хүмүүс нь дээрээ зүгээр явж байхад энгийн иргэн, нэг багш яагаад ийм их өр төлбөрт орох учиртай юм бэ? Үнэхээр харамсаж байна. Би 2, 3, 8, 11 настай дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд маань үүрд аавын нөмөр түшиггүйгээр, энэ хорвоо амьдралын урт хугацааг туулах болсондоо үнэхээр харамсалтай байна. Миний хань буруугүй шүү. Миний хань хөдөлмөрлөсөн, гаргасан амжилтууд нь хавтсан дээр байгаа шүү гэдгийг хэлэхийг хүссэн юм. УИХ-ын гишүүн багш байхад яагаад миний хань үр хүүхэдтэйгээ амьдарч болохгүй байсан юм бэ? Хууль яагаад тэгш үйлчилдэггүй юм бэ?

    Хуурамч дипломын хэрэгт буруутгагдаж амиа хорлосон залуу багшийн тухайд дааж авсан ангийн хүүхдүүд нь математикийн хичээлд суурилдаг байсан. Сумандаа төдийгүй аймагтаа ховорт тооцогдох сайн багш байсан гэж “Арбулаг” сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон нутгийн иргэн ярьсан юм.

“Арбулаг” сумын ЕБС-ийн захирал Л.Даваадорж: Маш сайн багш байсан. Ажилласан хугацаандаа олон амжилт гаргаж байсан учраас цалин нэхэмжлэх битгий хэл бид нар түүнд өртэй гэж явдаг байсан. Сум байтугай аймагтаа ховор.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн З.Батцэцэг: Дааж авсан ангийн хүүхдүүд нь жигд сайн. Багийн багш нь сайн байсан. Математикаар суурилж буй ихэнх хүүхэд байсан. бид нарын хувьд маш сайн багш байсан. илүү дутуу зангүй, яриа хөөрөө сайтай, бие биедээ туслачих юмсан, дэмжчих юмсан гэж явдаг. Архи дарс уудаггүй тийм л хүн байсан.

Хуурамч диплом ашиглаж ажил хөдөлмөр эрхэлсэн бол төрд ажилласан хугацааныхаа цалин хөлсийг эргүүлэн төлөх хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй. Гэхдээ хууль хоёр үзүүртэй, хоёр стандартаар үйлчилж байгаад олон нийт бухимдаж байна.

Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Э.Мөнхгэрэл: Хуурамч дипломтой хүн төрийн албан тушаалд ажиллах боломжгүй байдаг. Үүнд улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Тодруулбал хуурамч дипломоор ажилд орсон бол ажилласан бүх хугацааны цалингаа эргүүлэн төлөх шүүхийн жишиг тогтоол гарсан.

100 гаруй сая төгрөгийн өрөнд унаж, амиа хорлосон талийгаач багшийн эхнэр “Гурван сарын сургалтад хамруулж багш бэлтгэхдээ тулсан боловсролын салбар сайн боловсон хүчнээ хамгаалдаг хуультай байхыг хүсэж байна” гэлээ.

0/1000