Афганистан улсын төр засгийн эрхийг авсан Талибан бүлэглэлийн тэргүүлсэн засгийн газрыг олон улсад хүлээн зөвшөөрсөн анхны улсаар ОХУ тодорлоо.
Энэ талаар Афганистан улсын зүгээс пүрэв гарагт албан ёсоор мэдэгдэж, ОХУ-ыг “зоригтой шийдвэр гаргалаа” хэмээн онцолжээ.
Барууны дэмжлэгтэй засгийн газрыг түлхэн унагасны дараа буюу 2021 онд Талибан бүлэглэл Афганистан улсын төр засгийн эрхийг гартаа авсан бөгөөд түүнээс хойш Исламын шашны чанга хатуу бодлогыг хэрэгжүүлсээр байгаа билээ.
Пүрэв гарагт Афганистаны гадаад хэргийн сайд Амир Хан Муттаки тус улсад суух ОХУ-ын элчин сайд Дмитрий Жирновыг хүлээн авч уулзсаны дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Тэрээр “хоёр талын найрсаг харилцаа, хамтын хүндлэл , бүтээлч хамтын ажиллагааны шинэ үе шат эхэлж байна” онцолсныг тус улсын ГХЯ-ны Х хуудсанд нийтэлжээ.
Мөн Талибаны засгийн газрын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зиа Ахмад Такал хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдэлдээ “ОХУ нь Исламын Эмирт улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны улс боллоо” гэсэн байна.
ОХУ-ын төрийн өмчит ТАСС агентлаг мөн Талибаны засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Москва-гийн шийдвэрийг пүрэв гарагт мэдээлсэн байна.

ОХУ-ын ГХЯ-ны Телеграм хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ “Талибаны засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр хоёр улсын хоёр талт бүтээлч хамтын ажиллагааг дэмжин нэмэгдүүлж, хөгжүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн бичжээ. Үүндээ эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц, ХАА болон терроризмын эсрэг тэмцэх хоёр талын хамтын ажиллагааг дурьдсан байна.
Эргэн сануулахад ОХУ Талибан бүлэглэлийг 2003 онд террорист байгууллага хэмээн томъёолон тодорхойлж, үйл ажиллагааг хориглож байсан түүхтэй ч тус бүлэглэлийг 2021 онд Афганистан улсын төр засгийн эрхэнд гарсны дараагаас харилцаагаа зөөлрүүлж, Кабулд бизнесийн төлөөлөгчийн газраа нээж, Афганистан улсыг Зүүн Өмнөд Азид байгалийн хий дамжуулах сүлжээний төв хэмээн нэрлэж, өнгөрсөн 4-р сард террорист байгууллагуудын жагсаалтаас нэрийг нь хассан юм. Мөн 2024 оны 7-р сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Талибан бүлэглэлийг “терроризмын эсрэг тэмцэлийн холбоотон түнш” хэмээн нэрлэж байжээ.
Өнөөдрийн байдлаар Талибаны тэргүүлсэн засгийн газрыг ОХУ-аас өөр нэг ч улс орон албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд үүний шалтгаан нь эмэгтэйчүүдийн сурч боловсрох, мэргэжил эзэмшиж, ажил эрхлэх гэх зэрэг эрхийг нь хязгаарласан хүний эрхийн ноцтой зөрчилтэй холбоотой юм.