horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Вьетнам улстай худалдааны гэрээ байгуулснаа зарлав

post-img

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Вьетнам улстай худалдааны гэрээ байгуулснаа лхагва гарагт зарлаж, шинэ гэрээний дагуу АНУ Вьетнамын импортод 20 хувийн тариф ногдуулахаар болсныг мэдэгджээ.

Трампын өмнө нь зарласан тарифын бодлогын дагуу Вьетнамаас АНУ-д орж ирэх бараа бүтээгдэхүүнд 46 хувийн тариф ногдуулахаар болоод байсан бөгөөд тус тариф ирэх долоо хоногоос эхлэн хэрэгжих гэж байсан юм.

Тэгвэл хоёр улсын хооронд хүрсэн шинэ тохиролцооны дагуу АНУ Вьетнамын импортод 20 хувийн тариф ногдуулахаар болж, харин Вьетнам улс Америкийн импортод ямар нэгэн тариф ногдуулахгүй хэмээн Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээний хуудсанд нийтэлжээ.

Мөн Трампын “Хамтын ажиллагааны гайхалтай гэрээ” хэмээн нэрлээд буй тус тохиролцооны дагуу Вьетнам улсаар дамжин АНУ-д орж ирэх импортын бараа бүтээгдэхүүнд 40 хувийн тариф ногдуулахаар болсон байна.

Вьетнамын АНУ-д гаргадаг нийт экспортын гуравны нэг нь Вьетнамаар дамжиж буй Хятадын бараа бүтээгдэхүүнүүд байдаг талаар Д.Трампын худалдаа, аж үйлдвэрийн ахлах зөвлөх Питер Наварро хэлсэн байна.

Вьетнам улсын ерөнхий нарийн бичгийн дарга То Лам лхагва гарагт Д.Трамптай утсаар холбогдон ярилцах үеэрээ АНУ-ын ерөнхийлөгчийг Вьетнамд айлчлахыг дахин урьсан байна. Үүнээс гадна Трампын гэр бүл Вьетнамд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг зарлаад байгаа бөгөөд Trump Organization байгууллага Вьетнамд зочид буудал, гольфийн талбай, тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн салбарт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Мөн түүнчлэн Трампын гэр бүлийн тус компани Вьетнамын Хо Ши Мин хотод Трамп цамхаг барих газраа хайж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн улс орнуудад импортын тариф ногдуулах бодлогоо танилцуулснаас хойш ердөө Их Британи, БНХАУ, Вьетнам улсуудтай худалдааны шинэ гэрээ байгуулаад байгаа бол ЕХ, Япон зэрэг олон улс тарифын бодлого хэрэгжиж эхлэхээс өмнө АНУ-тай худалдааны гэрээ байгуулах тохиролцоонд хүрч чадахгүй, яриа хэлэлцээг үргэлжлүүлсээр байгаа билээ.

0/1000