Холливудын алдарт жүжигчин Майкл Мэдсен 67 насандаа таалал төгслөө. Түүнийг Калифорни мужийн Малибу хот дахь гэрээс нь орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө нас барсан байдалтай олсон бөгөөд дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагчид түүнийг нас барсныг пүрэв гарагийн өглөөний 08:25 цагт бүртгэжээ.
Жүжигчний хувийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Майкл Мэдсен зүрхний шигдээсийн улмаас таалал төгссөн гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.

Жүжигчин Майкл Мэдсен 1957 оны 9-р сард Чикаго хотод мэндэлж байсан бөгөөд түүний эцэг нь Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин, гал сөнөөгч, эх нь кино урлагийн салбарт ажилладаг хүн байжээ.
Майкл Мэдсен жүжигчний замнал 1980-аад оны дундуур эхэлсэн бөгөөд тэрээр нэрт найруулагч Квентин Тарантино-гийн “Reservoir Dogs”, “Kill Bill”, “The Hateful Eight”, “Once Upon a Time in Hollywood” зэрэг кинонд бүтээсэн дүрүүдээрээ алдартай. Ялангуяа цагдаа, мөрдөгч, аль эсвэл гэмт хэрэгтэн, алуурчны дүр бүтээдгээрээ олонд танигдсан билээ.
Кино урлагт 40 орчим жил ажиллахдаа тэрээр 120 орчим уран сайхны кинонд гол болон туслах дүр, 50 орчим телевизийн бүтээлд тоглосон байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд мөн видео тоглоомд дуу оруулах ажил хийсэн юм. Тэрээр Grand Theft Auto III, Narc, Dishonored, Call of Duty: Black Ops II гэх зэрэг нийт 12 видео тоглоомд дуу оруулжээ.
Түүний төрсөн дүү Виржиниа Мэдсен мөн Холливудын жүжигчин бөгөөд тэрээр Variety сэтгүүлд албан ёсоор хийсэн мэдэгдэлдээ “Миний ах Майкл урлагийн тайзаа орхин явлаа, тэр бол эелдэг зөөлөн сэтгэл, аянга цахилгааны хослол, гэмт хэрэгтний дүрийн ард нуугдсан яруу найрагч, дотроо зөрчилдсөн, хайранд умбасан эцэг, хүү, ах хүн байсан юм” гэжээ.
Майкл Мэдсен гурван удаа гэрлэж байсан бөгөөд дөрвөн хүүхэдтэй. Тэрээр 28 жил ханилсан эхнэр ДеАнна-гаас өнгөрсөн жил гэрлэлтээ цуцлуулж байсан ажээ.