АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар пүрэв гарагт утсаар холбогдон ярилцаж, хоёр талын харилцаа, Украины асуудал, Ойрхи Дорнодын байдал, Сирийн асуудлаар санал бодлоо солилцжээ.
Утсаар ярилцах үеэр Москва-гийн зүгээс Украины дайныг өндөрлүүлэх асуудлаар яриа хэлэлцээ явуулахыг хүсэж байгаа ч энэ дайн гарах болсон язгуур шалтгаануудыг шийдвэрлэх үндсэн зорилгоосоо ухрахгүй гэдгээ Путин Трампад илэрхийлснийг ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдлээ.
Кремлийн вебсайтын мэдээлснээр хоёр их гүрний удирдагч нар цаг гаруй ярилцсан бөгөөд бүх маргаан, санал зөрөлдөөн, мөргөлдөөнийг улс төр, дипломат арга замаар шийдвэрлэх ёстой гэдгийг Оросын тал онцолсон бол Д.Трамп Украины дайныг аль болох хурдан хугацаанд зогсоохыг дахин онцолсон гэжээ.
Харин АНУ Украинд нийлүүлэх зарим зэвсгийн тусламжаа зогсоосон талаар тэд ярилцаагүй болохыг Ю.Ушаков мэдэгджээ. Украины талд нийлүүлэхийг зогсоогоод буй зэвсгийн тусламжийн дотор агаарын довтолгооноос хамгаалах Patriot систем болон газар-агаар ангиллын Stinger загварын пуужин багтсан талаар лхагва гарагт Америкийн хэвлэлүүд мэдээлсэн юм.
В.Путин утсаар ярилцах үеэрээ Орос, Украины хооронд хийсэн хоёр дахь шатны шууд хэлэлцээний үр дүнд байгуулсан хүмүүнлэгийн хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар Трампад танилцуулж, Орос улс хэлэлцээрийн үйл явцыг үргэлжлүүлэн ахиулахад бэлэн байгааг илэрхийлсэн байна. Мөн хоёр талын дипломат шугам, батлан хамгаалах яам, ерөнхийлөгчийн туслахуудаар дамжуулан харилцаа холбоотой байх талаар Орос, Америк санал нэгдсэн гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын төрийн тэргүүнтэй утсаар холбогдон ярилцсаны эцэст холбогдох асуудлаар “ямар ч ахиц гарсангүй” хэмээн тухайн өдрийн орой мэдэгджээ. Тэрээр энэ удаагийн утасны яриа хэлэлцээнээс гарсан үр дүн гараагүй явдалд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ үеэр Украины ерөнхийлөгч В.Зеленский баасан гарагт, аль эсвэл ойрын өдрүүдэд Д.Трамптай утсаар холбогдон ярилцана гэж найдаж байгаа талаараа хэлж, мөн дайныг зогсоох энхийн яриа хэлэлцээний асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Харин ОХУ-ын зүгээс Орос-Украины гурав дахь шатны яриа хэлэлцээний товыг аль болох түргэн хугацаанд тогтоохыг хүсэж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ сарын 2-ны өдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа тийнхүү мэдэгдсэн бөгөөд Оросын бэлтгэлээ хангаад буй гурав дахь шатны хэлэлцээгээр хоёр орны мөргөлдөөнийг шийдвэрлэх тухай санамж бичгийн төслийг хэлэлцэх болно.
Энэ үеэр дайны галын шугамд Оросын талын довтолгоо улам ширүүссээр байна. Зөвхөн өнгөрсөн 6-р сард л гэхэд Орос тал Украины эсрэг 5400 орчим алсын зайн дроноор довтолж, цохилт үзүүлсэн нь дайн эхэлснээс хойшхи нэг сарын дотор хамгийн олон тооны дроноор довтолсон сар болжээ.