АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын боловсруулсан “Нэгэн, том, гайхалтай хууль” хэмээн нэрлэсэн татвар болон төсвийн тухай хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын гишүүд пүрэв гарагт санал хураан батласан байна.
Төлөөлөгчдийн танхимын санал хураалтын үеэр Бүгд найрамдах намын 2-оос бусад бүх гишүүд дэмжсэн санал өгсөн бол Ардчилсан намын бүх гишүүн эсрэг санал өгч, 218-214 гэсэн дүнгээр Трампын татвар бууруулах тухай тус хуулийн төсөл дэмжигдэн батлагджээ.

Ийнхүү тус хууль батлагдсанаар ерөнхийлөгч Д.Трампын ширээнд илгээгдэж, улмаар Трампын хүсэл биелж, 7-р сарын 4-нд тэмдэглэдэг АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр тэрээр уг хуулинд гарын үсэг зурахаар болоод байна.
Трампын уг хуулийн төсөлд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, цайны мөнгө болон илүү цаг ажилласан цалингийн нэмэгдлээс татвар авдаг явдлыг зогсоох гэх мэтчилэн татварын хувь хэмжээг бууруулах олон зүйл заалт багтан орсон бөгөөд Конгрессын төсвийн хорооны зүгээс уг хууль батлагдсан тохиолдолд АНУ-ын үндэсний өр зээлийн хэмжээг ойрын 10 жилийн хугацаанд 3.3 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх тооцооллыг гаргаж, олон сая хүнийг эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй болгож магадгүй байгаа талаар анхаруулсан юм. Харин Цагаан ордны зүгээс энэхүү анхааруулгын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Өөрийнх нь боловсруулсан татварын хууль батлагдсан явдалд Трамп “бүх хуулиудын дотроос хамгийн үр дүнтэй хуулийн нэг батлагдлаа” хэмээн нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Ардчилсан намынхны зүгээс тус хуулийг хурцаар шүүмжилсээр байгаа бөгөөд Трампын энэхүү хуулийг эсэргүүцэж, санал нийлээгүйн улмаас тэрбумтан Элон Маск Засгийн газрын үр бүтээмжийн департаментын удирдах албан тушаалын ажлаасаа бууж байсан билээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Конгрессоор батлагдсан уг хуулийн баримт бичигт орон нутгийн цагаар баасан гарагийн оройны 17:00 цагт гарын үсэг зурснаар хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ хэмээн Цагаан Ордноос мэдэгджээ.