horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

XIV Далай Ламын 90 насны төрсөн өдрийг тэмдэглэв

post-img

Төвдийн буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээн XIV Далай Ламын 90 насны төрсөн өдөр ням гарагт тохиолоо.

7000 орчим лам хувраг, гэлэнмаа болон шүтлэгтэн олон Энэтхэгийн Дарамсала хотод цугларч, бурхны шашны тэргүүн, дээрхийн гэгээн XIV Далай Ламын 90 насны төрсөн өдрийн баярыг тэмдэглэсэн байна.

Дээрхийн гэгээн Далай Лам Төвдийн нийслэл Лхас хотод гарсан бослогыг Хятад улс нухчин дарах үеэр буюу 1959 онд Энэтхэг рүү зугтан гарсан байдаг бөгөөд тэрээр 70 орчим жилийн хугацаанд Энэтхэгийн Дарамсала хотод амьдарч байгаа юм. 

Нобелийн энх тайвны шагналт Далай Лам ням гарагт олон түмэнд хандан хэлсэн үгэндээ “хүн бүр энэрэнгүй, сайхан сэтгэлтэй байснаар сэтгэлийн амар амгаланг олох нь чухал хийгээд зөвхөн ойр дотныхондоо төдийгүй бүх хүмүүст энэрэнгүй хандсанаар дэлхийг илүү сайхан газар болгоход хувь нэмрээ оруулж чадна” хэмээн хэлжээ.

Мөн тэрээр “би бол энгийн л нэг буддын лам хүн, төрсөн өдрөө ингэж өргөн дэлгэр тэмдэглээд байдаггүй” гээд түүний 90 насны төрсөн өдрийн баярыг тэмдэглэхээр ирсэн хүн бүрт “сэтгэлийн амар амгалан байдал, энэрэн нигүүлслийг төлөвшүүлэх”-ийг захисан байна. 

Түүнчлэн “өнөөдөр би 90 нас хүрлээ, туулсан амьдралаа бодоод үзэхээр би амьдралаа дэмий үрээгүй юм байна, энэ амьдралаа орхих үедээ би ямар ч харамсах зүйлгүйгээр, амар амгалан байдлаар явах болно” гэжээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ням гарагт түүнд төрсөн мэндчилгээ дэвшүүлсэн бол АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, АНУ-ын экс-ерөнхийлөгчид болох Билл Клинтон, Жорж В.Буш, Барак Обама нар мөн түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн мэндчилгээг давхар илгээжээ. 

Далай Ламын төрсөн өдрийн баяраар цугларсан олны дунд мөн Холливудын нэрт жүжигчин Ричард Гир ирж оролцсон байна.

Дээрхийн гэгээнтэн хэрчим бялуу идэж, цугларсан олон түүнд төрсөн өдрийн дуу дуулж өгснөөр баярын арга хэмжээ өндөрлөжээ.

Дээрхийн гэгээний хойд дүр буюу XV Далай Ламыг ямарваа нэгэн гадны оролцоогүйгээр, Төвдийн буддын шашны уламжлалын дагуу сонгох болно хэмээн өнгөрсөн сард XIV Далай Лам мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл түүнийг тэнгэрт дэвшсэний дараа Төвдийн бурхны шашны хамба лам нар хойд дүрийг нь таньж тодруулна гэдгийг мэдэгдсэн юм. XIV Далай Ламын хувьд 1937 онд бурхны шашны тэргүүнээр тодорч байсан ба тэрээр хэлэхдээ хэрвээ түүний дараагийн хойч дүр тодрох юм бол Хятадын хяналтаас гадна буюу “эрх чөлөөт ертөнцөөс” тодрох болно гэжээ.

Харин БНХАУ-ын зүгээс Төвдийн бурхны шашны тэргүүний хойд дүрийг батлах эсэхийг тус улсын засгийн шийдэх болно хатуу байр суурин дээр зогссоор байгаа билээ. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинь өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ бурхны шашны хойд дүрийг “алтан савнаас нэрийг нь сугалж” тодруулах болно, тэрхүү “алтан сав” Бээжинд байгаа гэсэн юм.

0/1000