АНУ-ын Техас мужид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн зогсолтгүй орсон борооны улмаас Гуадалупе мөрөн эргээсээ халин үерлэж, ням гарагийн байдлаар үерийн улмаас амь насаа алдсан хүний тоо 82 болжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр анх усархаг бороо орж эхэлснээс 45 минутын дотор Гуадалупе мөрний ус 8 метр өндөр болж нэмэгдсэн байна.
Орон нутгийн цагаар 7-р сарын 6-ны ням гарагийн үдшийн байдлаар Техас мужид үерийн улмаас 82 хүн амиа алдсаны 28 нь хүүхэд байлаа. Мөн тус мужийн Керр тойрогт хамгийн олон хүн амиа алдсан бөгөөд сураггүй алга болсон хүний тоо их байгаатай холбоотойгоор хохирогчдын тоо хэмжээ нэмэгдэж болзошгүй байгаа юм.

Техас мужийн амбан захирагч Грег Эббот ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, мужийн үерт нэрвэгдсэн бүс нутгуудад 41 хүн сураггүй болоод байгаа ба ойрын өдрүүдэд “үргэлжилсэн ширүүн бороо” орох төлөвтэй байгаа тул Техас мужид үерийн аюул нүүрлэсэн хэвээр байгааг анхааруулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ням гарагт “Онц их гамшгийн мэдэгдэл”-д гарын үсэг зурснаа мэдэгдэж, улмаар Холбооны онцгой байдлын алба Техас мужид онц байдал тогтоож, холбооны тусламж үзүүлэн ажиллаж эхэлсэн байна.
Эрж хайх, аврах ажиллагаанд цэргийн дроныг ашиглаж байгаа бөгөөд Холбооны нисэхийн захиргаа эдгээр дронд Техасын агаарын хилд нэвтрэх тусгай гарцыг нээсэн байна.
Сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагаа, хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлт нь үер, ган гачиг, хэт халалт зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийг улам ойр ойрхон, хүчтэй болгож байгааг эрдэмтэд хэлж байна.
