horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Дэлхийн хөгжмийн ертөнцийг доргиосон тоглолтууд зохиогдлоо

post-img

Өнгөрсөн амралтын өдрүүдээр дэлхийн хөгжмийн ертөнцийг доргиосон, түүхэнд бичигдэх томоохон тоглолтууд зохиогдлоо.

Дэлхийн хүнд рок, метал хөгжмийн шүтэн бишрэгчид энэхүү хөгжмийн урсгалыг үүсгэн байгуулагч хамтлагтай салах ёс хийсэн бол брит-поп урсгалын томоохон төлөөлөгч болсон хамтлаг 16 жилийн дараа эргэж ирээд байна.

Мөн сүүлийн 2 жил орчим хамтлагийн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоогүй к-поп урсгалын хамгийн шилдэг охидын хамтлаг дэлхийн аялан тоглолтоо өнгөрсөн амралтын өдрүүдээр нээсэн юм.

ХЭВИ МЕТАЛ ХӨГЖМИЙН АМЬД ДОМГУУДЫН СҮҮЛЧИЙН ТОГЛОЛТ

7-р сарын 5-ны бямба гарагт Их Британийн Бирминхэм хотын Вилла Парк цэнгэлдэх хүрээлэнд Английн домогт Black Sabbath хамтлагийн “Back to the Beginning” хэмээх хамгийн сүүлчийн тоглолт зохион байгуулагдлаа.

1968 онд Бирминхэм хотноо үүсгэн байгуулагдаж байсан Black Sabbath хамтлагийг хэви метал хөгжмийн урсгал жанрыг үүсгэн байгуулагчдын нэг гэж орчин үеийн хөгжим судлаачид үздэг бөгөөд тус хамтлаг сүүлчийн тоглолтоо өөрсдийн байгуулагдсан хотдоо эргэн ирж, цуглан хийснээр хамтлагийн 57 жилийн түүхэн замналыг өндөрлүүллээ.

Өдгөө 76 настай хамтлагийн дуучин, “харанхуйн хунтайж” хочит Оззи Осборн паркинсоны өвчний улмаас алхаж чадахаа больсон тул тэрээр тоглолтын туршид сэнтийд суун дуулсан билээ. Мөн тоглолтод Black Sabbath хамтлагийн гоцлол гитарчин Тони Айомми, аргил гитарчин Гизер Батлер, бөмбөрчин Билл Уард гээд анхны бүрэлдэхүүнд багтаж байсан бүх гишүүд оролцсоноороо рок, метал хөгжмийн ертөнцийн түүхэнд маш чухал үйл явдал, хамтлагтай салах ёс хийсэн томоохон үйл явдал, тоглолт болж өнгөрөөд байна.

Түүнчлэн тус тоглолтод Mastodon, Rival Sons, Anthrax, Halestorm, Lamb of God, Tom Morello’s All Stars Band, Alice in Chains, Gojira, Yungblud, Travis Barker, Chad Smith, David Draiman, Billy Corgan, Nuno Bettencourt, Steven Tyler, Ronnie Wood, Pantera, Tool, Slayer, Guns N’Roses, Metallica зэрэг рок/метал хөгжмийн домог болсон хамтлаг дуучид өөрсдийн болон Black Sabbath/Ozzy Osbourne-ий бүтээлүүдээс кавер хувилбараар тоглож сонирхуулсан юм.

Тус тоглолтыг “Акуамэн” киноны дүрээрээ алдартай Холливудын жүжигчин Жейсон Момоа хөтөлсөн бол тоглолтын дундуур дуучин Dolly Parton, Elton John, Billy Idol, Jonathan Davis, Marilyn Manson нарын дүрстэй мэндчилгээ, мөн Холливудын жүжигчин Jack Black, Limp Bizkit хамтлагийн дуучин Fred Durst нарын урьдчилан бичүүлсэн тоглолтын бичлэгийг давхар дамжуулсан байна.

Харин тоглолтын төгсгөлд эхлээд Оззи Осборн өөрийн нэрийн хамтлагтай гарч ирж, хувийн урын сангаасаа 5 дуу дуулсан бол үргэлжлээд Black Sabbath хамтлаг тайзнаа гарч, хамтлагийн хамгийн шилдэг, сонсогч бүрийн сэтгэл зүрхэнд хоногшсон “War Pigs”, “N.I.B”, “Iron Man”, “Paranoid” хэмээх 4 дуугаа сонордуулснаар тэдний эцсийн тоглолт өндөрлөж, хөшгөө хаасан юм.

Black Sabbath хамтлагийн “Back to the Beginning” хэмээх сүүлчийн тоглолтыг мөн дэлхий даяар төлбөртэй стрийминг үйлчилгээгээр шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд цэнгэлдэх хүрээлэн дэх тоглолт болон шууд дамжуулалтын нийт орлого болох 140 сая фунт стерлингийг сайн үйлсэд хандивлах юм байна. Түүнчлэн ганцхан өдөр зохиогдсон энэхүү арга хэмжээг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс 40 мянга гаруй хэви метал хөгжмийн сонсогч, шүтэн бишрэгчид хүрэлцэн ирсэнтэй холбоотойгоор Английн Бирминхэм хотын эдийн засагт 20 сая фунт стерлингийн орлого оруулсан гэх таамаг тооцоо гарчээ.

БРИТ-ПОПЫН ХААД 16 ЖИЛИЙН ДАРАА ТАЙЗНАА ЭРГЭН ИРЛЭЭ

Өнгөрсөн жил эргэн нэгдэж, дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэхээ сүр дуулиантайгаар зарлаж байсан Английн алдарт Oasis хамтлагийн “Oasis Live ’25 Tour” аялан тоглолт энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Уэльсийн Кардифф хотноо эхэллээ.

Төрсөн ах дүү хоёр болох Лиам болон Ноэл Галлахер нарын хувийн маргааны улмаас 2009 онд тарж байсан Oasis хамтлаг ийнхүү 16 жилийн дараа тайзнаа эргэн ирээд байгаа нь энэ бөгөөд тэднийг ахиж хэзээ ч нийлж, эргэж тоглоно хэмээн төсөөлж байгаагүй альтернатив рок, брит-поп хөгжмийн урсгалын сонсогч, шүтэн бишрэгчдийн хувьд гайхалтай үйл явдал болоод байна.

Кардифф хотноо нээгдсэн аялан тоглолтын эхний хоёр өдрийн тоглолтод “Morning Glory”, “Supersonic”, “D’You know what I mean”, “Stand By Me”, “Live Forever”, “Don’t Look Back In Anger”, “Wonderwall”, “Champagne Supernova” зэрэг хамтлагийн бүх хит уран бүтээлүүдээ багтаан, нийт 23 дуу тогложээ.

Кардифф хотын Principality цэнгэлдэх хүрээлэнд зохиогдсон тус тоглолтын халаалтанд Английн Cast хамтлаг болон дуучин Richard Ashcroft өөрийн хамтлагтай оролцсон байна.

Ийнхүү 7-р сарын 4-нөөс эхлээд буй “Oasis Live ’25 Tour” дэлхийн аялан тоглолт Английн Манчестер, Лондон, Шотландын Эдинбург, Ирландын Дублин, Канадын Торонто, АНУ-ын Чикаго, Ист Рутерфорд, Пасадена, Мексикийн Мехико, Өмнөд Солонгосын Куян, Японы Токио, Австралийн Меьбурн, Сидней, Аргентины Буэнос Айрес, Чилийн Сантьяго хотуудад тоглоод, хаалтаа Бразилын Сан Пауло хотод 11-р сарын 22, 23-ны өдрүүдэд хийх юм.

Эргэн нэгдсэн Oasis хамтлаг уг дэлхийн аялан тоглолтынхоо хүрээнд Ази, Европ, Хойд Америк, Австрали, Өмнөд Америкийн бүс нутгуудаар нийт 41 тоглолтыг тавихаар төлөвлөжээ.

BLACKPINK ХАМТЛАГ “DEADLINE” ДЭЛХИЙН АЯЛАН ТОГЛОЛТОО ЭХЛҮҮЛЛЭЭ

7-р сарын 5, 6-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын ойролцоох Куян хотын Goyang Sports Complex цогцолборт BLACKPINK өөрсдийн “Deadline” хэмээх дэлхийн аялан тоглолтоо эхлүүллээ.

Тэд хамгийн сүүлд хамтдаа 2022-2023 оны хооронд үргэлжилсэн “Born Pink” дэлхийн аялан тоглолтод оролцож байсан бөгөөд өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд хамтлагийн дөрвөн гишүүн өөрсдийн ганцаарчилсан уран бүтээлүүд дээрээ түлхүү анхаарч ажилласан байдаг.

Харин энэхүү шинэ дэлхийн аялан тоглолтоороо BLACKPINK хамтлаг өнгөрснөө дүгнэж, хамтлагийн цаашдын уран бүтээлийн шинэ хуудсыг нээгээд байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохиогдсон тоглолтын үеэр нийт 25 дуу тоглогдсоны дотор тус хамтлагийн “Kill This Love”, “Pink Venom”, “How You Like That”, “Shutdown”, “Whistle”, “Stay”, “Boombayah”, “DDU-DU DDU-DU” зэрэг хит уран бүтээлүүд, мөн Jisoo “Earthquake”, Lisa “New Woman”, Jennie “Mantra”, Rose “APT” гэх мэт гишүүн тус бүр өөрсдийн соло уран бүтээлээсээ толилуулсан юм.

Тоглолтын онцлох гэнэтийн бэлэг нь BLACKPINK хамтлагийн түргэн хэмнэлтэй, электроник хөгжмийн хэв маяг бүхий “Jump” хэмээх цоо шинэ уран бүтээлээ танилцуулж дуулсан явдал байлаа.

Ийнхүү к-попын фэнүүдийн хүсэн хүлээсэн, BLACKPINK хамтлагийн “Deadline” аялан тоглолт нээгдэж, тэд үргэлжлээд дэлхийн 16 хотоор аялж, нийт 31 шоу тоглолтыг хийх юм.

Тодруулбал, АНУ, Канад, Франц, Итали, Испани, Англи, Тайвань, Тайланд, Индонез, Филиппин, Сингапур, Японы хотуудаар тоглож, аялан тоглолтын хаалт БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн Кай-Так цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны 1-р сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах болно.

0/1000