Тэрбумтан Элон Маск өнгөрсөн бямба гарагт улс төрийн нам байгуулж байгаагаа зарласан байна.
Тэрээр “ардчилсан бус зөвхөн нэг намын систем”-тэй хэмээн шүүмжилсэн АНУ-д том намын эсрэг өрсөлдөх цоо шинэ улс төрийн нам байгуулж буйгаа өөрийн Х хуудсандаа зарлаж, намаа “Америк нам” хэмээн нэрлэжээ.
2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Д.Трампын сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын хамгийн том ивээн тэтгэгч, хандивлагч байсан Э.Маск Трампыг ерөнхийлөгчийн албаа авсны дараа түүний засаг захиргаанд шинээр үүсгэн байгуулсан Засгийн газрын бүтээмжийн департментын тэргүүнээр томилогдон ажилласан юм.
Тэрээр ердөө хэдхэн сарын хугацаанд дээрх албыг хашихдаа олон төрийн байгууллагын төсвийг хасч, олон мянган төрийн албан хаагчдыг ажлаас нь халж, АНУ-ын засгийн газрын хэрэгжүүлдэг олон төсөл хөтөлбөрийг зогсоосон.
Гэвч тэрээр өнгөрсөн долоо хоногт батлагдаж, Тусгаар тогтнолын өдрөөр хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн Трампын татварын багц хуулийг эсэргүүцэж, ерөнхийлөгчтэй хэрүүл маргаан үүсгэж, зөрчилдсөний улмаас төрийн албыг орхин явсан билээ.
Харин Д.Трамп хариуд нь Элон Маскын компаниудад холбооны засгийн газраас олгож буй санхүүжилтийг зогсоож, тэрбумтанг АНУ-аас албадан гаргана хэмээн сүрдүүлсэн юм. ӨАБНУ-д төрсөн Элон Маскын хувьд 2002 онд АНУ-ын иргэншилтэй болж байсан ажээ.
Элон Маск шинэ нам байгуулж байгаагаа зарлахаасаа өмнө буюу өнгөрсөн баасан гарагт тохиосон АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрөөр өөрийн Х хуудсандаа санал асуулга явуулсан бөгөөд түүндээ “АНУ-ын улс төрд хоёр зуу орчим жилийн турш давамгайлсан хоёр-намын системээс та тусгаар тогтнолыг хүсэж байна уу, үгүй юу” хэмээн асуусан байна.
Дээрх санал асуулгад 1.2 сая хүн оролцсоны дараа тэрээр маргааш өдөр нь шинэ нам байгуулж байгаагаа зарласан байна.