horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Суринам улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болов

post-img

Өмнөд Америкийн Суринам улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болов.

Ням гарагт тус улсын парламентын гишүүд Женнифер Герлингс-Симонсыг улсынхаа төрийн тэргүүнээр сонгон томилсон байна.

Өдгөө 71 настай Женнифер Герлингс-Симонсын эсрэг өрсөлдөх өрсөлдөгчийг сөрөг хүчний зүгээс нэр дэвшүүлээгүй учраас тэрээр өрсөлдөгчгүйгээр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ.

Түүний тэргүүлсэн Үндэсний ардчилсан нам өнгөрсөн сард явагдсан парламентын сонгуульд томоохон ялалт байгуулж, 51 суудалтай Үндэсний Ассамблейд 18 суудал авсан юм.

Мөн тус нам парламентад суудал авсан бусад 5 намтай эвсэн, парламентад нийт 34 суудалтай болсноор ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй болж, улмаар сонгогдоод байна.

Суринам улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр тодроод буй Женнифер Герлингс-Симонс сонгогдсоныхоо дараа парламентад тавьсан илтгэлдээ төрийн тэргүүний албан тушаалыг хүлээж авахаар шийдсэнээ хэлсэн байна.

Түүний тангараг өргөх ёслолын арга хэмжээ энэ сарын 16-ны өдөр зохион байгуулагдахаар товлогджээ.

Өмнө нь Нидерланд улсын колони байсан энэхүү жижиг улсын хүн ам энэтхэг, индонези, хятад, голланд, африк гаралтай иргэд болон мөн нутгийн уугуул иргэдээс бүрддэг бөгөөд 1975 онд анх тусгаар тогтнолоо зарласнаас хойш иргэний дайн, цэргийн эргэлт зэрэг дотоодын тогтворгүй байдал дунд хөгжиж буй, Өмнөд Америкийн ядуу буурай орнуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд БНХАУ тус улсын улс төр, эдийн засаг, худалдааны гол түнш орон болж хувираад байгаа бөгөөд Хятадын “Бүс ба зам” дэд бүтцийн төсөл хөтөлбөрт Латин Америкийн бүс нутгаас нэгдэн орсон анхны улсуудын нэг нь Суринам улс билээ.

Суринам улс ирэх 11-р сард тусгаар тогтнолын 50 жилийн ойн баяраа тэмдэглэнэ.

0/1000