УДБЭТ-ын уран бүтээлчид өчигдөр Улсын баяр наадмын тоглолтод оролцохгүй, ажил хаях шийдвэр гаргасан талаараа мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр тус театрын захирал үүссэн асуудлаар хариу хэвлэлийн бага хурал хийлээ.
УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг: Театрын маань найрал болон гоцлол дууны уран бүтээлчид 2025 оны тавдугаар сарын 21-нд батлагдсан шинэ бүтцийг ойлгоогүй байна. Найрал, гоцлол дууны ангийг тараах гэсэн зүйл огт байхгүй. 285 уран бүтээлчид бүгдээрээ энэ бүтцэд багтсан.
Дуурийн урлагийг хөгжүүлэх ёстой. Тиймээс шинэ бүтцээр дуурийн продюсерын орон тоог гаргасан. Балетын продюсер, хөгжмийн хүрээлэнгийн пропюсерын орон тоог гаргасан.
Өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан хүн өчигдрийн хэвлэлийн бага хурлын гол дүр болчихсон явж байна. 7-дугаар сарын 01-нээс 10-дугаар сарын 01 хүртэл театр хоосон байдаг. Ийм үед “Клеопатра” жүжгийг түрээсээр тоглуулж урсгал зардал, засварын санхүүгээ олох гэж л буй.
Би маш олон хүнд уран сайхны удирдаачаар ажиллах санал тавьсан. Олон улсад ч тавьсан. Олон улсаас уран сайхны удирдаач олддоггүй. Сонгон шалгаруулалт хийгээд Г.Ганцэцэг удирдаачийг давах хүн байгаагүй. Тэр хүн найрал, гоцлол дуучдын багш нь. Тийм учраас маш сайн ойлголцоно гэж бодсон. Гэтэл өнөөдөр ийм асуудал гарч байгаад гайхаж байна. Гоцлол дуучдаа та нар тайзныхантай битгий барьц аа. Гадуур гараад хэдэн төгрөгөөр дуулж, ямар орлого олж байгаа нь нууц биш шүү дээ” гэлээ.