АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 14 улсын импортод ногдуулахаар болоод байсан өндөр хувьтай тарифыг 8-р сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргасны дотор Япон болон Өмнөд Солонгос улсууд багтжээ.
Трампын өнгөрсөн 4-р сард анх дэлхийн улс орнуудад ногдуулахаар зарласан харилцан тэгш тарифыг 90 хоногоор хойшлуулсан нь энэ долоо хоногт дуусч байгаа юм.
Тодруулбал, улс орнуудад АНУ-тай худалдааны гэрээгээ шинэчлэн байгуулахаар олгосон 90 хоногийн хугацаа энэ сарын 9-ний өдөр дуусгавар болох ба тухайн өдрөөс эхлэн улс орнуудад ногдуулах импортын өндөр хувь бүхий татварын бодлого хэрэгжиж эхэлнэ.
Тэгвэл даваа гарагт Д.Трамп Япон, БНСУ зэрэг улс орнуудад 25%-ийн импортын тариф ногдуулна хэмээн сүрдүүлж, АНУ-тай худалдааны өргөн харилцаатай 14 улс орны удирдагчдад хаягласан захидал илгээж, 8-р сарын 1 хүртэл тарифаа хойшлуулж, худалдааны гэрээ байгуулах боломж олгож байгаагаа мэдэгджээ.
Тэрээр даваа гарагт мөн Мьянмар, Лаос улсуудад 40%-ийн импортын тариф, Тайланд, Камбож улсуудад 36%-ийн тариф, Серб, Бангладеш улсуудад 35%-ийн тариф, Индонезид 32%-ийн тариф, ӨАБНУ-д 30%-ийн тариф, Малайз, Тунис улсуудад 25%-ийн тариф тус бүр ногдуулахаар төлөвлөснөө танилцуулсан байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Керолайн Ливитт ойрын өдрүүдэд өшөө олон улс оронд ерөнхийлөгчийн албан захидал илгээгдэх болно гэсэн бол АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент CNBC сувагт өгсөн ярилцлагадаа “ажил ихтэй, завгүй өдрүүд үргэлжлэх” төлөвтэй байгааг онцолжээ.
Трамп анх импортын тарифын бодлогоо зарлахдаа дотоодын бизнес, компани, аж ахуйн нэгжүүдийг гадны өрсөлдөөнөөс хамгаалж, дотоодын үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар тодотгож байсан бол эдийн засагчид импортын тарифыг өндөр хувь хэмжээгээр нэмсэнээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөж, гадаад худалдааны хэмжээ буурах эрсдэлтэй хэмээн анхааруулсан билээ.
Одоогийн байдлаар АНУ Их Британи, Вьетнам улстай худалдааны гэрээ байгуулж, БНХАУ-тай хэсэгчилсэн байдлаар худалдааны тохиролцоонд хүрээд байгаагаас гадна Энэтхэг улстай худалдааны гэрээ байгуулахад ойрхон байгаа талаараа мэдэгдээд байна.
Харин худалдааны гэрээний асуудал дээр тохиролцоонд хүрэлгүй удаж байгаа улсуудын тоонд Канад, ЕХ, Япон, БНСУ-ууд багтаж байгаа юм.