АНУ-ын Техас мужид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн тасралтгүй орсон дуу цахилгаантай, усархаг аадар борооноос үүдэлтэй үерийн улмаас амиа алдсан хүний 100-г давжээ.
Үерийн гамшгийн улмаас Техас мужийн төв хэсгийн зургаан сууринд 104 хүн амь насаа алдсан талаар тус мужийн орон нутгийн захиргаанаас даваа гарагийн үдэш мэдээллээ.
Үерт амь үрэгдсэн хүмүүсийн дунд олон тооны хүүхдүүд, тэр дотроо “Camp Mystic” хэмээх христийн шашны хүүхдийн зусланд амарч байсан 27 сурагч, багш нар багтсан байна. Мөн тус хүүхдийн зусланд байсан 11 хүн сураггүй болжээ.
Техас мужид тохиогоод буй энэхүү үер Америкийн түүхэнд сүүлийн зуун жилд тохиолдсон хамгийн том үерийн гамшгуудын нэгд тооцогдож байна.
Америкийн Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ-д жил бүр дунджаар 113 хүн үерийн улмаас амиа алдаж байгаа нь цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй нас баралтын зургааны нэг орчим хувийг эзэлж байгаа гэнэ.
Мөн АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас Техас мужийн төвийн хэсэгт цаашдаа дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үерт хамгийн их нэрвэгдээд буй Техас мужийн Керр тойрогт “Онц их гамшгийн мэдэгдэл”-д гарын үсэг зурсан бөгөөд Цагаан ордноос түүнийг энэ долоо хоногийн баасан гарагт гамшгийн бүсэд очиж ажиллаж магадгүй байгаа талаар мэдээлсэн байна.
Америкийн Сенатын олонхын бүлгийн удирдагч, Ардчилсан намын дарга Чак Шумер тухайн өдөр АНУ-ын Худалдааны яамны ерөнхий хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэгч Родрик Андерсонд хандан захидал илгээжээ. Захидалдаа тэрээр Ерөнхийлөгч Д.Трампын удирдсан Бүгд Найрамдах намын засгийн газраас холбооны цаг уурын агентлагт хийсэн цомхотгол нь ажлын байрны хомстолд хүргэсэн бөгөөд энэ нь уг үерийн гамшгийн улмаас олон тооны хүн нас барсан шалтгаануудын нэг байсан эсэхийг шалгахыг шаардсан байна.