Украины хоёр ч ТББ-ын зүгээс тус улсын өмнөд хэсэгт байрлах Запорожье цөмийн цахилгаан станцид цөмийн осол гарах эрсдэл улам өндөрсөөд байгааг анхааруулжээ.
Украины дээрх хоёр ТББ-ын зүгээс даваа гарагт Японы нийслэл Токио хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ ийнхүү Оросын цэргүүдийн эзлэн авч, хяналтандаа байлгаж байгаа АЦС-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тайлбарласан байна.
Тэд өөрсдийн дүгнэлтийг гаргахдаа хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд болон тухайн хэсгийн холбогдох хүмүүс, албан тушаалтнуудтай хийсэн ярилцлага дээр үндэслэсэн байна.
Үүний өмнө буюу өнгөрсөн баасан гарагт ОУАЭХА-ийн зүгээс Запорожье АЦС-ыг цахилгаан эрчим хүчээр хангадаг бүх гаднах цахилгааны шугам сүлжээнүүд нэлээд олон цагийн хугацаанд тасалдсан болохыг мэдээлсэн юм.
Тэгвэл Украины ТББ-уудын зүгээс мөн тэрхүү цахилгааны тасалдлын шалтгааныг олж тогтоохоор судлаж байгаагаа мэдэгджээ.
Мөн Запорожье АЦС-ийн ажилчдыг цахилгаанд цохиулах гэх мэтээр Оросын цэргүүд тамлаж, дээр нь өөрсдийн зэр зэвсгийг АЦС дотор болон ойр орчимд нь байршуулж, зэвсэгжүүлж байгааг анхааруулан мэдээлсэн байна.
Түүнчлэн Оросын зэвсэгт хүчин хүний эрхийг ноцтойгоор зөрчин, дайны гэмт хэрэг үйлдэхийн сацуу цөмийн аюулгүй байдалд заналхийлж, ноцтой эрсдэл учруулж байгааг цохон тэмдэглэжээ.
Оросын армийн үйлдсэн дайны гэмт хэрэгт хэрхэн хариу арга хэмжээ авч хариуцлага тооцох, мөн болзошгүй цөмийн ослыг арилгах талаар олон улсын хамтын нийгэмлэг бүхэлд нь авч үзэх шаардлагатайг онцолсон байна.