Даваа гарагт Кенийн нийслэл Найроби хотын төвд зохиогдсон засгийн газрын эсрэг иргэдийн жагсаал цуглааны үеэр хамгийн багадаа 10 хүн амиа алдсан талаар тус улсын хүний эрхийн байгууллага болон мөн цагдаагийн газраас мэдэгдлээ.
Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр жагсагч иргэд болон хэв журмын цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсны улмаас иргэд амиа алдсан байна.
Үндэсний цагдаагийн албанаас мэдээлснээр даваа гарагийн үдшийн байдлаар 11 хүн амиа алдаж, 52 цагдаа болон 11 иргэн бэртэж гэмтсэн гэжээ.
Эсэргүүцлийн жагсаалд голцуу залуус оролцож байгаа бөгөөд жагсагчид эдийн засгийн хямрал, авлига, хээл хахууль, цагдаагийн харгислалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа юм.
Дайны хажуугаар дажин гэгчээр мөн эсэргүүцлийн жагсаалын үеэр иргэдийн зүгээс үйлдэх хүчирхийлэл нэмэгдэж, бусдын эд зүйлсийг эвдэж сүйтгэх, дэлгүүр хоршоо, албан байгууллагуудыг дээрэмдэж тонох хэрэг явдал ихэссэн байна.
Мөн Кени улсын Хүний эрхийн үндэсний хорооны зүгээс иргэдийн эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийн байгууллагыг гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хүчээ нэгтгэн, хамтран ажилласан хэмээн буруутгажээ. Жагсагчдын зүгээс ч мөн тэдний жагсаалыг үр дүнгүй болгох үүднээс гэмт хэргийн бүлэглэлд мөнгө төлж, эмх замбараагүй байдал үүсгэж байна хэмээн эрх баригчдыг буруутгасан байна.
Тус улсын нийт ажиллах хүчний 80 хувь нь бага цалинтай, албан бус, баталгаагүй ажил хийж байгаа бөгөөд төр засгийн эсрэг өнгөрсөн оны 6-р сараас хойш зохиогдсоор байгаа жагсаал цуглааны үеэр амиа алдсан хүний тоо 80-ыг даваад байна.