Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг холбогдох мэргэжилтнүүд, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважав, холбогдох газрын дарга болон мэргэжилтнүүд оролцлоо.
Санамж бичгийг байгуулснаар талууд Нийгмийн даатгалын багц хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлж, бизнес эрхлэгч ажил олгогч, нийгмийн даатгалд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах юм. Энэ зорилгын хүрээнд дараах ажлыг хамтран зохион байгуулна. Үүнд:
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч бизнес эрхлэгчид, ажил олгогч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах ажлыг зохион байгуулах;
- Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бизнес эрхлэгчид, ажил олгогчдын саналыг авах, судлах ажлыг зохион байгуулах;
- Нийгмийн даатгалын үйлчилгээг бизнес эрхлэгчид, ажил олгогчдод чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэх талаар шинэ санал, санаачилгыг дэвшүүлж, хэрэгжүүлэх;
- Нийгмийн даатгалын багц хууль, түүний ач холбогдлыг бизнес эрхлэгчдэд сурталчлах, таниулах;
- Ажлын байрны тоо, хөдөлмөрийн нөхцөл, бизнесийн салбарын шинжилгээг хамтран ашиглах зэрэг болно.
Санамж бичгийг хэрэгжилтийг хангахын тулд талууд үйл ажиллагааны төлөвлөгөө гарган жил бүр дүгнэн хяналт тавьж ажиллах гэнэ.