Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тэрбумтан Элон Маскын байгуулж буйгаа зарласан “Америк нам”-ыг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “инээдтэй” хэмээн шүүмжилжээ.
Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “миний бодлоор гуравдагч улс төрийн нам үүсгэн байгуулна гэдэг инээдтэй хэрэг, үргэлж л хоёр намын систем оршсоор ирсэн, гуравдагч нам байгуулах нь төөрөгдөл л нэмж үүсгэх байх” гэж хэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгчтэй сүүлийн үед нэлээд хэрүүл маргаан хийж буй Элон Маскын хувьд Ардчилсан болон Бүгд найрамдах намуудын “хамтрал”-ын эсрэг улс төрд хүчтэй сөрөг хүчин болж орж ирэх зорилгоор America Party буюу “Америк нам”-ыг үүсгэн байгуулж буйгаа өнгөрсөн амралтын өдрүүдээр өөрийн Х хуудсанд мэдэгдсэн юм.
Тэрээр энэ сарын 4-ний өдөр буюу АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр батлагдсан Трампын татварын багц хуулийг эсэргүүцэж, удаа дараа шүүмжлэх үеэрээ ярьж, хэлж байсан шинэ улс төрийн нам байгуулах санаагаа ийнхүү ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг зориод байна.
Харин Д.Трамп ням гарагт өөрийн Truth Social платформд бичихдээ, “сүүлийн 5 долоо хоногийн хугацаанд Элон Маскыг эрүүл сэтгэхээ больж, солиорч байгааг харах надад үнэхээр харамсалтай байна” гэжээ.