АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн улс орнуудад ногдуулахаар төлөвлөөд буй “харилцан тэгш тариф” хэмээн нэрлэсэн импортын татвар ногдуулах хугацаагаа дахин сунгаж, хойшлуулахгүй гэдгээ мягмар гарагт мэдэгдсэн байна.
Трамп дэлхийн улс орнуудад АНУ-тай худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах боломж олгож, өнгөрсөн 4-р сард зарласан импортын тарифаа 8-р сарын 1 хүртэл 90 хоногийн хугацаанд хойшлуулсан юм.
Тэгвэл тэрээр мягмар гарагт өөрийн нийгмийн сүлжээний хуудсанд хийсэн мэдэгдэлдээ 8-р сарын 1 хэмээн тогтоосон тарифын хугацааг ахин сунгаж хойшлуулахгүй гэдэг байр суурь дээрээ бат зогсох болно гэдгээ тодотгожээ.
Түүнчлэн 8-р сарын 1-нээс эхлэн импортын тарифыг хурааж эхлэх болно гээд ойрын өдрүүдэд өшөө олон улс оронд энэхүү асуудлаар албан захидал илгээх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Жишээ татахад, Трамп даваа гарагт Япон улсад илгээсэн захидалдаа хэрвээ АНУ-тай тохиролцоонд хүрч, худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахгүй тохиолдолд Японы бараа бүтээгдэхүүнд 25%-ийн тариф ногдуулах болно гээд, энэхүү хувь хэмжээ нь хоёр улсын хоорондох худалдааны алдагдлын тэгш бус байдалтай харьцуулахад “хамаагүй бага хувийн татвар” гэдгийг онцолжээ. Мөн Япон улс Америкийн эсрэг тарифаа нэмэгдүүлсэн тохиолдолд АНУ 25%-ийн татвар дээрээ яг ижил хувийн татварыг нэмж ногдуулах болно хэмээн анхааруулсан байна.