horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Францын ерөнхийлөгч Э.Макрон Их Британи улсад айлчилж байна

post-img

Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны Их Британи улсад хийх албан ёсны айчлал мягмар гарагт эхэллээ.

Макрон, түүний эхнэр Бригитте нарыг Лондон хотод газардах үед Их Британийн угсаа залгамжлагч хунтайж Уилльям, түүний эхнэр Кэтрин нар угтан авсан байна.

Э.Макроны айлчлал гурван өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр тэрээр Их Британийн эзэн хаан III Чарльзтай уулзаж, мөн тус улсын парламентад илтгэл тавьсан байна.

Макрон Их Британийн парламентын гишүүдийн өмнө тавьсан илтгэлдээ Франц болон Их Британи улсууд дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон олон улсын дэг журмыг сахиулан хамгаалахын төлөө хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн зуу гаруй жилийн түүхтэй хоёр улсын түнш, холбоотны харилцааг шинэчилж, тулгамдаж буй олон сорилтыг хамтдаа даван туулах ёстойг тодотгосон байна.

Мөн тэрээр Европын улс орнууд Оросын түрэмгийллийн эсрэг дайтаж байгаа энэ дайнд Украин улсыг хэзээ ч орхихгүй гэдгийг хэлж, Газын зурваст аливаа нөхцөл, болзолгүйгээр гал зогсоохыг уриалан шаардсан байна.

Францын ерөнхийлөгч айлчлалынхаа хоёр дахь өдөр Их Британийн ерөнхий сайд Кир Стармертай уулзаж, яриа хэлэлцээ явуулах бөгөөд тэд дайны хөлд нэрвэгдсэн Украин улсад үзүүлэх дэмжлэг, талуудын батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэх болон мөн Ла-Маншийн хоолой буюу Английн сувгаар жижиг завьтай Европ руу нэвтэрч буй цагаач, дүрвэгсдийг зогсоох асуудлын талаар хэлэлцэх гэнэ.

Харин пүрэв гарагт тэд 37 дахь удаагийн Франц-Британийн чуулга уулзалтыг тэргүүлэн оролцож, чуулганы үеэр хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжуудын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Макрон, Стармер нар мөн Украины ерөнхийлөгч В.Зеленский, ХБНГУ-ын Канцлер Ф.Мерц, Италийн ерөнхий сайд Ж.Мелони нартай уулзаж хэлэлцээ хийх талаар Францын ерөнхийлөгчийн албанаас мэдээлсэн байна. 

Макроны энэхүү айлчлал нь 2020 онд Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарснаас хойш, мөн 2008 оноос хойш Францын төрийн тэргүүний Их Британи улсад хийж буй анхны албан айлчлал болж байна.

0/1000