Францын нийслэл Парис хотын дундуур урсдаг Сена мөрөн зуу гаруй жил үргэлжилсэн хоригоо түр хугацаанд цуцласнаар иргэд тус мөрөнд сэлж, шумбах боломжтой болжээ.
Эргэн сануулахад, ус нь их хэмжээгээр бохирдсоны улмаас 1923 онд Сена мөрөнд сэлэхийг хориглож байсан бөгөөд тус мөрөнг цэвэрлэх ажил зуун жил үргэлжилсэн гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэдэд дахин нээлттэй болсон Сена мөрөнд сэлэхээр ирсэн төрөл бүрийн насны олон арван хүн хүслээ биелүүлсэн байна.
Парис хотын захиргааны зүгээс энэ зун Сена мөрний гурван байршилд иргэдэд сэлэх боломж олгож байгаа бөгөөд 2024 оны Парисын зуны Олимпын наадмын ачаар ийм боломж бүрдсэн байна.
Парисын Олимпийн усанд сэлэлтийн зарим тэмцээнүүдийг тус мөрөнд зохион байгуулахаар тусгайлан зориулж цэвэрлэж байсан юм.
Сена мөрөнд сэлэх боломжтой дээрх гурван байршилд мөн хувцас солих өрөөнүүд, босоо шүршүүр, наран шарлагын газартай төстэй тохижилт бүхий 150-300 хүн амрах боломжтой тусгай хэсгийг байгуулжээ.
Парис хотын удирдлагын зүгээс өдөр бүр усны бохирдлыг шалгах гэр зэргээр иргэдийн аюулгүй, тав тухтай байдлыг ханган ажиллаж байгаа ч мөн Сена мөрний хүчтэй урсгал, 3.5 метр хүртэлх гүнзгий ус зэрэг боломжит аюул эрсдлээс сэргийлэхийг усанд сэлэхээр ирсэн иргэдэд анхааруулж байна.
Сена мөрөнд сэлэх боломжтой дээрх гурван байршил 8-р сарын 31-ний өдрийг дуустал иргэдэд нээллтэй ажиллахаар болжээ.