Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордны зүгээс Украинд үзүүлэх зарим төрлийн зэвсгийн тусламжийг түр зогсоож байгаагаа мэдэгдсэн. Дээрх мэдэгдлийн улмаас Украинд очих ёстой байсан Америкийн зэвсгийн тусламжийн нийлүүлэлт Польш улсын хил дээр гацаад байсан юм.
Тэгвэл мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп холбооны засгийн газрын кабинетын уулзалтад оролцох үеэрээ сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Украины зэвсгийн тусламжийг түр зогсоосон хоригийг цуцласнаа мэдэгджээ.
Тэрээр Украинчуудад эх орноо хамгаалах боломжийг нь олгох үүднээс хоригийг цуцлаж байгаагаа мэдэгдсэн байна. Д.Трамп хэлэхдээ, “Путин энгийн ард иргэдэд хүнлэг хандахгүй байгаа учраас бид довтолгооноос хамгаалах зэвсгийг Украинд нийлүүлэхийг хүсэж байна, тэр хэтэрхий олон хүний амийг хороож байна, тиймээс бид Украинд хамгаалах зэр зэвсэг илгээхээр боллоо, би үүнийг зөвшөөрсөн” гэжээ.
Мөн тэрээр ОХУ-ын ерөнхийлөгчид сэтгэл хангалуун бус байгаагаа хэлж, Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах талаар бодолцож үзэж байгаагаа дурьдсан байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Украинд илгээх Америкийн зэвсгийг судлахад цаг хугацаа орно гэдгийг хэлж, хэдийгээр Орос-Украины хооронд шууд яриа хэлэлцээ явуулахад зуучилж буй Трампын санал санаачлагыг сайшааж буй ч АНУ Оросын эсрэг хориг арга авах нь “хууль бус” хэмээн хэлсэн байна.
Тэрээр 8-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Украинд зэвсэг нийлүүлэх нь мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулахыг ахиулах хүчин чармайлттай сөргөлдөж байна гэжээ.
Трампын мэдэгдэлтэй холбогдуулан Украины ерөнхийлөгч В.Зеленский мягмар гарагт хийсэн дүрстэй мэдэгдэлдээ Украинд ирэх Америкийн зэвсгийн тусламжийн нийлүүлэлтийг бүрэн хангаж ажиллахыг холбогдох албаныханд даалгах ерөнхийлөгчийн зарлиг гаргасан байна.
Зеленский даваа гарагт нийгмийн сүлжээнд бичсэн нийтлэлдээ Украин улсын агаарын орон зайг хамгаалах нь “нэн тэргүүний асуудал” болоод байгааг онцолсон юм. Түүний хэлснээр Оросын талаас зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд 1000 гаруй дрон, 39 пуужин, 1000 орчим чиглүүлэгчтэй тэсрэх бөмбөгөөр Украины эсрэг агаарын цохилт үзүүлсэн гэжээ.
Энэ үеэр мөн Украины асуудал эрхэлсэн Трампын тусгай элч төлөөлөгч Кейт Келлогг Италийн нийслэл Ром хотноо Украины батлан хамгаалахын сайд Рустем Умеровтой уулзаж, хэлэлцээ хийхээр болсон талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Түүнчлэн зэвсгийн тусламжийн асуудлаарх АНУ, Украины яриа хэлэлцээ үргэлжлээд Киев хотноо явагдах талаар эх сурвалжууд мэдээллээд байна.