Долоодугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хангай нурууны арын Хануй, Орхон Хөгшин Орхон, өврийн Завхан, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-45 см-ээр нэмэгдэж, Хурх, Балж, Улз, Орхон, Хөгшин Орхон зэрэг гол олон жилийн дундаж түвшинг 10-30 см давсан байна. Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +23…+25 градус дулаан байна. Харин тэрэлж орчмоор бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.